
-Д.Сүрэнхорын эрүүл мэндийн байдал муудаж эмнэлэгт хэвтсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тийм ээ, цагдан хоригдсон өдрөөс эхлэн эрүүл мэндийн байдал нь тааруу байсан. Энэ талаар анхан шатны шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд дуулгаж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй учраас батлан даалтад гаргах хүсэлт тавьсан, гэвч цагдан хорихоос түр хугацаагаар чөлөөлөөгүй. Одоогоор биеийн байдал нь хүндэвтэр байна. Өнгөрөгч долоо хоногт эргэлтээр очиход хорих ангийн эмнэлэгт хэвтсэн байна лээ.
-Одоогоор ямар оноштой эмчлүүж байна вэ?
-Өвчний оношийг нарийн мэргэжлийн эмч нар хэлнэ. Миний сонссоноор Д.Сүрэнхорын ходоодны салст бүрхэвч шархалсан, бөөр хоёрдугаар зэргийн унжилттай, элэгний С вирустэй, элэг томорч хатуурсан гэсэн оноштой.
-Эрүүл мэндийн сайдын баталсан “Ялтан ял эдлэх боломжгүй өвчний жагсаалт” гэж бий. Тэгэхээр Д.Сүрэнхорд эмч нарын тавьсан онош дээрх өвчний жагсаалтад бий юу?
-Эрүүл мэндийн сайдын баталсан ялтны ял эдлэх боломжгүй өвчний тухай жагсаалт бий. Гэхдээ Д.Сүрэнхорын эрүүл мэндийн байдлыг нарийн мэргэжлийн эмч нар тогтооно. Түүнээс биш өвчиллөө гээд ялаас чөлөөлөгдөх эрхзүйн үндэслэл байхгүй. Хэрэв эрүүл мэндийн байдал нь улам хүндэрэхэд хүрвэл сайдын баталсан журмын дагуу мэргэжлийн эмч нарын баг нарийн үзлэг шинжилгээ хийнэ. Үнэхээр эрүүл мэндийн байдлаар тэнцэхгүй ял эдлэх боломжгүй онош тогтоогдвол суллуулах тухай ярих байх.
-Эхнэр нь автын осол гаргасныг Д.Сүрэнхор сонссон болов уу, сэтгэлзүйн хувьд хүнд байгаа гэсэн?
-Тэр талаар надад мэдэх зүйл алга байна даа.