Иргэний шинэчилсэн бүртгэл дууслаа

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Иргэний шинэчилсэн бүртгэл дууслаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Иргэний  шинэчилсэн бүртгэлийн хугацаа  энэ сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Харин улсын хэмжээнд насанд хүрэгчдийн хэдэн хувь нь хамрагдсан мөн орон нутгийн оюутнуудын бүртгэлийн ажлын явцын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Нямцэцэгээс тодрууллаа.

    -Иргэний шинэчилсэн бүрт­гэлд иргэдийн хэдэн хувь хамрагдсан бэ?

    -Улсын хэмжээнд шинэчилсэн бүртгэл өнгөрөгч долдугаар сарын 5-нд эхэлсэн. Бүртгэлийн ажил энэ сарын 1-ны өдрөөр дуусгавар болсон. Одоогоор  насанд хүрэгчдийн  83,9 орчим хувь нь хамрагдсан байна. Засгийн газрын тогтоолоор  дуусгавар болсон. Гэхдээ цаашид бүртгэл үргэлжилнэ. Албан ёсоор бүрт­гэлийн хугацааг сунгасан зүйлгүй.

    -Уг арга хэмжээний хүрээнд бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийг торгох тухай мэдээлэл байна л даа?

    -Иргэдэд торгууль оногдуу­лахгүй. Харин төрөөс үзүүлэх үйлчилгээнд шинэчилсэн бүрт­гэлт хамрагдаагүй иргэд  авах боломжгүй  гэсэн үг л дээ.

    -Нийслэлд орон нутгаас ирж суралцаж буй оюутнуудыг сургуульд нь бүртгэлд хамруулах тухай мэдээллийг тодруулаач?

    -Орон нутгаас нийслэлд, Улаан баатараас орон нутагт сурч  буй оюутнуудыг шинэчилсэн бүртгэлд хамруулах тухай саналыг  Улсын бүртгэлийн газраас  Засгийн газарт  гаргасан. Эл асуудлыг Засгийн газар дэмжсэн байгаа. Тиймээс  холбогдох агентлаг, БСШУЯ-тай хамтарч ажиллах санал хүргүүлсэн. Эл саналын дагуу БСШУЯ-наас оюутнуудын тухай судалгаа тоо гаргаж өгсөн.

    -Хэднээс оюутнуудыг бүртгэх вэ?

    -Бэлтгэл ажил хангагдсан . Шинэчилсэн бүртгэлд хамрагдах оюутнууд  бичиг баримтын зөрчилгүй байх хэрэгтэй. Дашрамд дуулгахад  бүх оюутнуудыг  сургууль тус бүр дээр бүртгэнэ гэж ташаа ойлгож болохгүй. Улаанбаатар хотын харьяат оюутнууд холбогдох дүүрэг хороонд бүртгүүлэх юм.

    -Гадаадад сурч буй оюутнуудыг хэрхэн бүртгэх вэ?

    -Монгол Улсын иргэн гадаадын улс оронд сурч буй оюутан түр хугацаагаар ажиллаж буй  иргэдийг Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Гадаад хэргийн яамны хамтарсан журмаар 2011 оноос бүртгэж  эхлэнэ.

    -Төрийн үйлчилгээнд хамрагдахгүй гэдэг тухайлбал ямар ямар үйлчилгээг хамруулж байгаа юм бэ?

    -Бүртгэлд хамрагдаагүй иргэд  Хүний хөгжил сангаас иргэдэд олгох мөнгийг авах боломжгүй. Харин төрөөс үзүүлэх бусад тусламж үйлчилгээнд хамрагдана.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж