
Монгол Улс Хөгжлийн банктай болох талаар олон жилийн өмнөөс ярьсан ч одоо л ажил нь шуударч эхэллээ. Саяхан ТУЗ нь томилогдчихлоо, гүйцэтгэх захирлынх нь сонгон шалгаруулалт олон улсын хэмжээнд зарлагдчихлаа. Тэгсэн хэдий ч өнөөг хүртэл Хөгжлийн банк хэрэгтэй гэж үү гэх эргэлзээ олон хүнд байна. Засаг төрийн харъяанд байсан банкуудын хувь тавиланг давтсан хэрэг болох вий хэмээн хаширлах нь ч цөөнгүй. Эндээс яагаад Хөгжлийн банк байгуулах хэрэгтэй вэ гэсэн асуулт гарах нь мэдээж. Тэгвэл цөөн хэдэн баримт дурдъя.
Өнөөдөр улсын хэмжээнд арилжааны 14 банк ажиллаж байгаа бөгөөд тэдгээр нь богино хугацаатай, бага хэмжээтэй, хүү өндөртэй зээлээр үйлчилдэг. Өнгөрсөн оны байдлаар нийт зээлдэгчдийн 99.4 хувь нь 50 хүртэл сая төгрөгийн зээл авсан байна. 200-500 сая төгрөгийн зээл авагчид дөнгөж 0.1 хувийг эзэлж, 500 саяас нэг тэрбум төгрөгийн зээл авагчид 0.1 хувь ч хүрэхгүй байлаа. Одоогийн байдлаар арилжааны банкуудын хамгийн урт хугацаат хадгаламж нь ганцхан жилийн “настай”. Ийм нөхцөлд эрдэс баялгийн салбарыг даган бий болох урт хугацааны санхүүжилтийг хаанаас нөхөх вэ гэсэн асуулт гарах нь дамжиггүй.
Дээр нь манай улсад буй нийт мөнгөний хэмжээ хэд байгаа вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ерээд оны үед Хонконг, Сингапур, Тайван зэрэг улсын нийт мөнгө нь ДНБ-нийхээ 78-155 хувьтай тэнцэж байжээ. Гэтэл манай улсад одоогийн байдлаар энэ харьцаа дөнгөж 40 орчим хувьтай байгаа нь эдийн засаг дахь мөнгөний хэмжээ бага, зээл их хэмжээгээр дутмаг байгааг гэрчилнэ. Тиймээс зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон обьектуудын бүтээн байгуулалтыг cанхүүжүүлэх, мэргэжлийн хяналт, удирдлага бүхий санхүүгийн урт хугацааны эх үүсвэр бий болгох зайлшгүй шаардлага байна гэдэгтэй эдийн засагчид санал нэг байна. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкыг байгуулах нь гарцаагүй асуудал болчихоод байгаа юм.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд хамгийн ихээр тулгамддаг нэг бэрхшээл бол зээлийн хүүний дарамт. Өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ төдий хэмжээгээр өндөр байх нь мэдээж. Энэ нь эргээд хэрэглэгчдийн нуруун дээр ачаа болон буудаг гэж болно. Ийм өндөр хүүгээр их хэмжээний санхүүжилт хийх ямар ч боломжгүй нь тодорхой. Иймд Хөгжлийн банкны хүү арилжааны банкуудаас хамаагүй бага байна гэдгийг ТУЗ-ийн гишүүд баттай амлаж байгаа. Тухайн төсөл хөтөлбөр, санхүүжилтийн хэмжээнээс шалтгаалах учир тодорхой нэг тоо хэлэх боломжгүй гэсэн юм. Одоогийн байдлаар Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалт гарчээ. Нийт 23 төсөл байгаагаас төмрийн хүдэр баяжуулах болон зэс хайлуулах үйлдвэр барих, Нарийн Сухайтын уурхайн цогцолбор, Тавантолгойн цахилгаан станц, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өргөтгөл, кокс химийн үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Санал болгон боловсруулсан зарим төслүүдэд хэдий хэрийн хөрөнгө мөнгө хэрэгтэйг та доорх хүснэгтээс харж болох юм.
Бид бусдыг даган дуурайх дуртай. “Сайн сэтгэж чадахгүй бол сайтар дуурай” гэсэн үг байдагчлан өндөр хөгжилтэй орнуудын өмнө гишгэх боломж хомс энэ цаг үед бусдын гаргасан жимээр хальт гишгэчихэлгүй явах нь чухал болоод байна. Дэлхий дээр Хөгжлийн банкийг амжилттай ажиллуулж, амжилтад хүрсэн олон орон байдаг ажээ. Япон улс дэлхийн II дайнд сүйрсэн эдийн засгаа сэргээн босгох зорилгоор 1951 онд Хөгжлийн банк байгуулан эрчим хүчний салбарын бүтээн босголтыг санхүүжилтээр хангаж, нүүрс үйлдвэрлэл, ган боловсруулалт, хөлөг онгоцны үйлдвэрлэлийг дэмжин ажилласан байна. Өдгөө тус улсын Хөгжлийн банкинд нийт 1300 гаруй хүн ажилладаг бөгөөд 125,011.2 сая ам.долларын хөрөнгөтэй юм байна. Харин манай урд хөрш хятадын Хөгжлийн банк 1994 онд байгуулагдсанаас хойшхи хугацаанд дэд бүтэц, аж үйлдвэр, харилцаа холбооны салбарт 1.6 их наяд юанийн 4000 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Түүнчлэн Сингапур, Герман, Солонгос, ОХУ гээд Хөгжлийн банкийг хөгжлийн төлөө ажиллуулж чадсан орон цөөнгүй.
Монголын хувьд Хөгжлийн банк эхний ээлжинд уул уурхайн орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах чиглэл бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа. Хөгжлийн банкны активт ч стратегийн томоохон ордуудын төрийн эзэмших хувийг санхүүжилт болгон оруулах нь зайлшгүй. Тавантолгой, Оюутолгойн санхүүжилтийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дойче Банк зэрэг томоохон санхүүгийн байгууллагынхан сонирхсоор байгаа нь эдгээр төслүүд ашигтайн шинж гэж хэлж болно. Тиймээс тэрхүү ашгийг гадагш алдахгүй эх орондоо үлдээх сэжим нь Хөгжлийн банк байх юм гэдгийг тус банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун онцолж байсан. Гэхдээ Хөгжлийн банкийг ашигтай ажиллуулахад, цаашлаад тэрхүү ашгийг нутагтаа үлдээхийн тулд тус банкин дахь төрийн оролцоог тодорхой хэмжээгээр хязгаарлах учиртай гэдгийг олон хүн сануулж буй. Хөгжлийн банкны нэрлэсэн дүрмийн сангийн хэмжээг 16 тэрбум төгрөгөөс эхлэнэ гэж тооцож буй бөгөөд Монгол Улсын Засгийн газар, хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөр бүрдүүлэх юм. Түүнчлэн тус банк нь Хүний хөгжлийн сан, Тогтворжуулалтын сангийн хөрөнгөөр арвижиж байх ажээ.