Эдийн засгийн өсөлт эрсдлийг ч дагуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өсөлт эрсдлийг ч дагуулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан ахлах эдийн засагч Ivailo V.Izvorski Монгол Улсад ирж, “News” агентлагийн байранд зочлон “Ардын эрх” сонин, news.mn сайтын хамт олонтой редакцийн уулзалт зохион байгуулж, сэтгүүлчдийн сонирх­сон асуултад хариулсан юм.

     Дэлхийн банкнаас жилд хоёр удаа бүс нутгийн улс орнуудын эдийн засгийн тоймыг гарган танилцуулдаг. Энэ удаагийн уулзалт ярилцлагаар ноён Ivailo V.Izvorski өнгөрсөн аравдугаар сард Дэлхийн банкнаас гаргасан Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тоймын талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өг­сөн юм. Уг тоймоор Зүүн өмнөд Ази, Номхон далайн улсуудын эдийн засаг сэргэж байна гэж үзжээ.

    -Дэлхийн банкнаас гаргасан тоймд Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг сэргэсэн, гэхдээ үүнийг дагаад бас эрсдэл гарч болзошгүй гэж анхааруулжээ?
    -Тус бүс нутгийн эдийн засаг зургаан сарын өмнө төсөөлж байснаас илүү хурдтай сэргэж байна. Эдийн засгийн өсөлт 9 орчим хувьтай байгаа нь хямралын өмнөх үеийн төвшинд ирсэн гэсэн үг. Бас нэг онцлог нь зөвхөн Хятад төдийгүй Малайз, Лаос, Монгол гэх мэт бүх улсуудын эдийн засаг нийтлэг, жигд хурдацтай сэргэж байна.  Өмнө нь улсын төсвийн хөрөнгө оруулалт их байсан бол энэ удаад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ч сайжирсан. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, эрэлт нэмэгдсэнээр шинээр эрсдэл гарч ирэх магадлалтай. Хямралын улмаас ашиглаж чадах­гүй байсан нөөц эргэлтэд орж, тухайлбал ажлаа зогсоогоод байсан үйлдвэрүүд ажиллах гэхчлэнгээр эрэлтээ гүйцэхгүй хомсдол үүсч, инфляци нэмэгдэх магадлалтай. Инфляцийн нэлээд гол хүчин  зүйлийн нэг нь хүнсний бүтээгдэхүүний үнэ.

    Тухайлбал, Монгол Улсын инфляцийн бараг тал хувь нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй байсан. Зэс, металлын үнэ өсч, 2008 оны оргил үе рүүгээ дөхөж байна. Гэвч  мөнгөний бодлого сул байвал инфляцийн эрсдэл ихсэх магадлалтай. Тухайлбал, Өмнөд Солонгос харьцангүй жижиг, нээлттэй зах зээлтэй ч, инфляцийн эрсдэл гарч болохыг харуулж байна. Мөн хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдсэнээр үл хөдлөх, хөрөнгийн үнэ өсч, валютын ханш чангарах хандлага харагдаж байгаа. Монголд ч төгрөг ам.долларын ханш хямралын өмнөх үедээ ирж байна. Ер нь улс орнуудын валютын ханш чангарч байна. Хятадын юань ч гэсэн нэрлэсэн үнээрээ биш ч бодит утгаараа чангарсан байгаа.  Хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэж байна. Гадаадын хөрөнгө оруулалт, багцын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадны банкууд ч энэ бүс нутаг руу зээл их хэмжээгээр олгож байна. Түүнээс гадна тухайн орныхон хямралын үед гадаадад байршуулсан мөнгөө эргүүлэн татаж оруулж ирж байна. Тийм учраас анхаарал татаж байгаа нэг асуудал нь хөрөнгө оруулалтын урсгалын сэргэлт. Мөн үйлдвэрлэл дагнасан, хямд хөдөлмөрлөх хүчинтэй, экспортод тулгуурласан орнуудын хувьд занганд орох гэж нэрлэгддэг аюул байдаг. Тэдний хувьд бүтээгдэхүүнээ өндөр технологитой орнууд руу экспортоор гаргасан хэвээр байхын тулд өрсөлдөх чадварын асуудал тулгарч байгаа. АНУ мөнгөний зөөлөн бодлого баримталж байгаа. БНХАУ-тай юанийн ханшийн маргаантай байгаа. Эдгээр нь богино болон дунд хугацаанд сорилт үүсгэх эрсдэлтэй нөхцөл үүсгэж байна.

    -Яг Монгол Улсын хувьд ямар нөхцөл байдал анзаарагдаж байна вэ, тухайлан хэлэх зөвлөгөө?

    -Улс орон болгоны хувьд нөхцөл байдал харилцан адилгүй. Тайлангийн хувьд дунд орлоготой улсуудын нөхцөл байдлыг илүү анхаарсан. Тодорхой нэг улс орны хувьд биш нийтлэг асуудлыг тусгасан. Монголын эдийн засгийн тоймыг аравдугаар сард гаргасан байгаа. Мөн 2008-2010 оны тайланг мөн нэгтгэн гаргасан. Дэлхийн банкнаас Монгол Улсын хөгжлийн бодлогын зээл олгож байгаа. Мөн чиглэсэн зөвлөгөөнүүдийг өгч байгаа.  

    -Монголчуудын хувьд уул уурхайн салбарын хөгжлийн үе эхэлж байна гэж буй. Уул уурхайн баялагтаа тулгуурласан орнуудын хувьд онцлон анхаарахаар зүйл юу байна?

    -Монгол зэрэг уул уурхайн баялаг ихтэй улсуудын хувьд хэрхэн урт хугацаанд баялгаа ашиглан, хөгжлөө хадгалах вэ гэдэг асуудал байдаг. Папау Шинэ Гвиней, Монгол зэрэг улсуудын нөхцөл гэхэд Малайз, Индонезоос харьцангуй өөр. Уул уурхайн баялагтаа түшиглэсэн улсуудын хувьд

    Нэгдүгээрт:Хэрхэн, хэдий хугацаанд баялгаа, байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар ашиглах гэх мэт олборлох салбарын бодлого
    Хоёрдугаарт: Төсөв хэт их тэлсэн тохиол­долд хэрхэх гэх мэт төсвийн хүрээний бодлого. Түүний ил тод, нээлттэй байдал, сайн засаглал
    Гуравдугаарт: Бэлэн мөнгө олгоод байх уу, тэнцвэрийг хэрхэн олох вэ гэх мэт төсвийн хүрээний бодлого чухал.

    Гадаадын хөрөнгө оруулалтаар, гадны хүмүүс ажиллаж буй тохиолдолд уул уурхайн салбар нь бусад салбараас хязгаарлагдмал үйл ажиллагаа, баялгийн өгөөж, түүнийг ашиглах мэдлэг дадлага нь тухайн орондоо нялздаггүй, эдийн засагт эерэг нөлөө багатай сөрөг тал байдаг. Мөн институцийн доройтол, хөдөлмөрийн бүтээмж багатай хөгжиж чадахгүй байх гэх мэт сөрөг талууд бий. Голланд өвчний талаар монголчууд сайн мэднэ байх аа. Уул уурхайгаас хэт хараат улсад зөвхөн ашигт малтмалын болон үйлчилгээний салбар л хөгжиж, бусад салбарын өрсөлдөх чадварыг бууруулдаг. Үйлчилгээний салбар бол тухайн орондоо л хөгжинө үү гэхээс гадагш арилжаалагддаггүй салбар. Тийм учраас улс орнууд уул уурхайгаас хэт хараат байдалд орж хөгжиж чаддаггүй.

    -Байгалийн баялгаасаа хувь хүртээх хэрэгтэй гэж олон нийт шаарддаг, манай улстөрчид ч их ярьж байна. Баялгийн орлогоос хишиг хүртээх ч гэдэг юм уу, халамжийн чиглэлээр нэлээд их мөнгө зарцуулах гэж байна. Мөн төсвийн байгууллагын цалинг 30 хувиар нэмлээ, төсөв улам их өсч байна.  Үүнийг ямар хэмжээнд барьж байх ёстой вэ, тэнцвэрийг нь хэрхэн хангах вэ гэсэн ямар туршлага, хэмжүүр байдаг вэ?

    -Тэнцвэрийг тэд, эд гэж хэлэхэд хэцүү. Шинжлэх ухааны нотолгоо алга. Тэгээд ч тухайн орны нөхцөл байдлаас шалтгаална. Ер нь нийгмийн халамжид мөнгө тараах нь бодлого аль ч улсад хүмүүст их таалагддаг. Улстөрчид ч үүнийгээ алдах дургүй байдаг. Нэгэнт ингэж их мөнгө цацаад эхэлчихсэн бол бодлогоор хумихад хэцүү, хямралд хүрч байж л шийдэгдэх болдог. Миний эх орон Болгарт гэхэд төсвийн зардал Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 40. Цалин тэтгэвэр, тэтгэвэр, эрүүл мэндийн зарлага Дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь. Үүнээс 10 хувь нь зөвхөн цалин тэтгэвэрт зарцуулагддаг. Энэ бол үлгэр авахуйц сайн жишээ биш. Эдийн засгийн хямралын үед үүнийг хумих гэж оролдсон ч хэцүү байсан. Ер нь нэгэнт тэлсэн нийгмийн халамжийн бодлого, цалин тэтгэврийг эргэж хумих хэцүү. Дэлхийн банкны хувьд тухайн улсад ямар нөхцөл тохиромжтой байх, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн дээд хэмжээг хязгаарлах, тэтгэвэр тэтгэмжийг яг ядуу, эмзэг хэсэгт байж болох хамгийн доод хэмжээнд байлгахыг зөвлөдөг. Тэтгэвэр, тэтгэмж их байвал хүмүүсийн ажил хийх хүслийг багасгадаг.

    Хятад гэх мэт улсууд эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгох, хөдөө орон нутагт амьдардаг хүмүүстээ илүү тэтгэвэр олгох гэх мэт арга хэмжээ авч байгаа. Тухайн улсуудад боломжтой, төсөвт нь мөнгө байгаа учраас. Зүүн Европын орнуудын хувьд нийгмийн даат­галын хувь хэмжээ их учраас, өндөр тэтгэвэр авах эрхтэй. Эргээд нь төрд дарамт болж байна. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн үйлчилгээний асуудлыг хувийн хэвшил хариуцвал төрд дарамт болохгүй, төрийн ачаа­лал буурна.

    -Одоо хэлэлцэж буй Монгол Улсын төсвийн төсөл энэ хэвээр батлагдах юм бол цалингийн нэмэгдэл, иргэдэд олгох мөнгө зэрэгт өнгөрсөн жилийн улсын төсвийн 1/3-тэй тэнцэхүйц хэмжээний буюу 800 тэрбум төгрөг нэмэгдэхээр байна. Төсвийн зардал ихэссэн, цалин нэмэгдэх их хэмжээний мөнгө тараах нь инфляцийг хөөрөгдөнө гэж байгаа. Гэхдээ үүний эсрэг, нөлөөллийг багасгах ямар арга, туршлага байдаг юм бэ?  

    -Дэлхийд ийм их хэмжээний бэлэн мөнгө зарцуулсан тохиолдол байхгүй учраас би ямар арга туршлага байдгийг хэлж мэдэхгүй байна.

    -АНУ, БНХАУ-ын юанийн ханшийн маргааны асуудал анхаарал татаж байна. Хэвлэлүүд ханшийн дайн дэгдлээ гэж ч бичиж байна. АНУ арваннэгдүгээр сараас валютынхаа ханшийг унагах албадлагын бодлого хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ бодлого олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт нөлөөлөх үү?  

    -Ер нь улс орнууд валютынхаа ханшийг сул болгох сонирхолтой байна. Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг удаашралтай байгаа. Ийм нөхцөлд импортлогч орнууд экспортоо яаж хийх, экспортынхоо орлогоо хэрхэн алдахгүй байх вэ гэсэн асуудалтай тулгарч байна. Ийм тохиолдолд улс орнууд үндэснийхээ валютынхаа ханшийг аль болох сул байлгах нь ашигтай гэсэн бодлого баримталж байна. АНУ-д дифляци бодитойгоор нүүрлэж байгаа учраас цаасан мөнгө хэвлэн зах зээлд нийлүүлэх гэж байна. Тус улсын төв банк хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийг багасгах, үнийг тогтвортой байдлыг хангах гэсэн хоёр зүйлд анхаардаг. Хэдийгээр тэд их зүйл хийсэн ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс их хэмжээний ам.доллар үйлдвэрлэн, ханш багасах нь тодорхой байна. Ам.долларын ханш суларсан тохиолдолд бу­сад орны үндэсний валют чангарна. Ази төдийгүй Евро­пын валютууд ч чангарч байна. АНУ юанийн ханш чанга байгаа нь бусад орнуудын хувьд тэнцвэргүй байдал бий болгож байна гэж байгаа. Харин БНХАУ юанийн ханш жам ёсны дагуу явж байгаа, энэ манай дотоодын асуудал гэдэг. Гэхдээ оны эхнээс юанийн ханш 3 хувь чангараад байна. АНУ-д арваннэгдүгээр сарын 2-нд сонгууль болж байгаа. Түүний дараа асуудал илүү тодорхой болох байх. Одоогоор компаниудаас санал гаргасан тохиолдолд зарим бүтээгдэхүүнд нэмэлт татвар оногдуулах боломжтой болох хуулийг конгрессийн доод танхим баталсан, дээд танхим батлаагүй байгаа.  Ер нь бол юанийн ханш маргаантай асуудал болоод байгаа нь үнэн. Цаашид юу болохыг харах хэрэгтэй байх. 

    -Энэ нөхцөл байдал төсөл хөтөлбөрүүдэд, тухайлбал, Монголд хэрэгжүүлж буй Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд нөлөөлөх үү?

    -Шууд нөлөөлөхгүй гэж бодож байна. Хөгжингүй орнуудад байгаа их хэмжээний сул мөнгө Зүүн өмнөд Ази руу орно. Харин хэт их хөрөнгө оруулалт орж ирэхэд хяналттай, бэлтгэлтэй байхгүй бол эрсдэл дагуулж болзошгүй юм.

    А.ТУЯА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж