Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Өөрийгөө харахуй

Ганцаардал зөвхөн мэдрэмж биш, энэ бол хүний өөрийгөө хэрхэн харж байгаа байдал
Учир нь хүмүүс бид тодорхой нэг ойлголтод хүлэгдэж өөрсдөө түүнийхээ нэг хэсэг мэтээр ойлгодог. Би бол гэр бүлийхээ нэг гишүүн, компанийхаа нэг ажилтан, дэлхийн нэг иргэн гэх мэт. Энэ ойлголт нь кактус хэмээх ургамалтай адил.  Таны ганцаардал бол таны оролцоогүйгээр оршиж байгаа  тэр бүлэглэлийн нэг хэсэг болох гэсэн хүсэл. Тэгэхээр ганцаардана гэдэг бол нэг хэсэг нь болохыг тэгтлээ хүсч байгаа тэр зүйлээ үгүйлэх  мэдрэмж болж таарч байна.
Ингэхэд бид юуг үгүйлдэг вэ?
Магадгүй хайр дурлал, халуун сэтгэлийг л үгүйлдэг байх. Ганцаардлын энэ олон хэлбэрийн уг үндэс нь нийгэм өөрөө аж. Ажилдаа дургүй сонирхолгүй, дээрээс нь уйтгартай албан тушаалд томилогдвол хүн эцэстээ өөрийгөө хэрэггүй хүн мэт санаж, ганцаардаж эхэлдэг. Энэ үед хүн мөрөөдлөө орхихгүй ч аажмаар мартаж эхэлдэг. Энэ нь хүн амьдралаа өөрчлөхөөс айдгийн жишээ.  Харин тэр өөрчлөлт амьдралд шинэ өнгө, амт оруулж, илүү сонирхолтой болгохыг хэн мэдэх билээ.
Хүн үргэлж шинэ мэдрэмжийг үгүйлж, эрж хайж байдаг. Амрагтайгаа хамт байхдаа уйтгарладаг хүн шинэ мэдрэмж, сэтгэл хөдлөл үгүйлж байгаагаа анзаардаггүй. Бие биенийхээ зан араншин, зуршлыг сайн мэддэг хоёр хүний харилцаа гал халуун байхад шинэ мэдрэмж зайлшгүй чухал.
Өөрийгөө хүндэл
 “ Хэн ч намайг хайрладаггүй. Над шиг ийм хүнд хэн дурлах юм бэ?  Би ухаан муутай, дээр нь царай гэж авах юмгүй. Англи хэл мэдэхгүй болохоор олигтой ажил ч хийж чадахгүй”  Дээрх үгс таньд танил сонсогдож байгаа бол та өөртөө итгэлгүй хүн юм. Хэнийг ч хайрладаггүй хүн бусдын хайрыг ч хүлээж авдаггүй.  Ийм хүн ганцаардлынхаа шалтгааныг олж мэдэх хүртлээ бусдаас улам бүр хөндийрсөөр байдаг.  Энэ байдлаас гарахад бусдын дэмжлэг хэрэгтэйгээс гадна өөрийгөө бусадтай харьцуулахаа болих хэрэгтэй. Харин бусдыг өөртөө татаж чаддаг хүмүүс найз нөхөдтэй болохдоо амархан бөгөөд хөгжилдэж чаддаг.
Харин өөртөө итгэлгүй сул дорой хүмүүс нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг гүйцэж чаддаггүй. Нэгэн бүсгүй “ Би ганцаардаж байна. Надад хэн ч байхгүй” гэж ярьж байна.  Бүсгүйн энэ үг бусдад “ Бүх найз бүсгүйчүүд маань гэрлэчихээд байхад би л гав ганцаараа” гэж сонсогдоно. Иймэрхүү зовинол нь бусдын сэтгэл зүйд ч нөлөөлдөг.  
Шилжилтийн  насны хүүхдэд л гэхэд өөрийг нь хэн ч тоохгүй байх хэцүү байдаг. Эргэн тойрныхон нь  өөрийг нь үл тоомсорлоход хүүхэд өөрийнхөө ертөнцөд ганцаардлыг мэдэрдэг. Ийм насны хүүхэд эсэргүүцлээ илэрхийлэн хашгирах,  тэрс үзэлтэн мэт аашлах нь бусдын анхаарлыг татах гол арга юм. Өсвөр насныхан чих халууцуулж өөрсдийгөө илэрхийлдэг нь нийгмийн механизм тэдний хувьд үл ойлгогдох зүйл хэвээр байдагтай холбоотой.
Хэн нэгэн онцгой хүнийг хүсэхдээ хүн хамгийн ихээр ганцаарддаг.  Зарим хүний хувьд хайртай дуучин, зохиолч, мөрөөдлийн  бүсгүй нь муу муухайгаар дүүрсэн энэ хорвоод амьдрах итгэл өгдөг учраас түүнийгээ үгүйлэхдээ туйлын ихээр ганцаарддаг. Амьдралынхаа утга учир болсон  хүнийг алдах мэдээж амаргүй хэрэг. Гэвч “ Би чамгүйгээр амьдарч чадахгүй” гэдэг үгийг хэзээ ч бүү хэл. Учир нь бид бүгд төрөхдөө ганцаараа ирж, үхэхдээ ганцаараа оддог. Ганцаардал, болон ганцаараа үлдэхээс айсан сэтгэл зовинол хоёр ялгаатайг харж байна уу?  Хүн өөрт байгаа зүйлээсээ болж санаа зовинодог шигээ  байхгүй зүйлээсээ болж бас шаналдаг аж.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж