
Загвар өмсөгч, кино жүжигчин, “Lady” төвийн багш Б.Мөнх-Эрдэнэ нь бөөрний дутагдал гэх хүнд өвчнөөр өвджээ. Тэрбээр Өмнөд Солонгос улсад бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд эмчилгээний зардалд 53000 ам.доллар хэрэгтэй байгаа аж. Иймд Б.Мөнх-Эрдэнийн эмчилгээний зардлын 53000 ам.долларыг цуглуулах хандивын тоглолтыг энэ сарын 22-нд “UB Palace”-ийн концертын их танхимд болох юм. Сайхан сэтгэлт хүмүүс та бүхнийг Б.Мөнх-Эрдэнэд туслана гэдэгт гэр бүл найз нөхөд нь итгэж байгаа юм. Б.Мөнх-Эрдэнийн биеийн байдал 2009 оны арванхоёрдугаар сарын дунд үеэс эхлэн өвдөж, улмаар биеийн байдал нь хүндэрсэн байна. Тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн бөөрний клиникийн эмч Баясгалангийн байнгын хяналтад орж эмчилгээ хийлгэж байгаа хэдий ч биеийн байдал нь муудаж, анх өвдсөнөөс хойш хоёр бөөрний хэмжээ 2-3 см-аар багассан байна. Эмч нар түүний өвчнийг бөөрний дутагдалд орсон хэмээн оношилж, бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх хэрэгтэйг хэлжээ. Иймд Б.Мөнх-Эрдэнэ БНСУ-д бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай байгаа гэнэ. Түүний найз нөхөд, хамт олон нь эмчилгээнийх нь зардлыг цуглуулах хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд тоглолт хоёр хэсгээс бүрдэх гэнэ. Тоглолтын тасалбарын үнэ 11888 төгрөг юм.
Хамтарч ажиллах албан байгууллага, хувь хүмүүс 99787508, 91664616, 88088979 утсаар холбогдож болно.
Хандивын данс: "ХААН" банк 508410615-1
“Хас банк” банк 5000292316
М.Урин