-Шилдэг уран бүтээлчийн шагнал хүртсэнд баяр хүргэе. Та уран зургийн ямар төрлөөр уран бүтээлээ туурвидаг вэ?
-Жил бүр болдог “Намар” үзэсгэлэнд манай урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлчид оролцдог. “Цагаан суваргын зун” бүтээл маань монгол зургийн төрлөөр шалгарсанд баяртай байна. Би үндэсний монгол зургийн төрлөөр дагнан уран бүтээлээ хийдэг.
-“Цагаан суврагын зун” бүтээл хэрхэн бүтсэн бэ?
-Өнгөрсөн намар гавьяат зураач Н.Цогзол багшийн багт орж Өмнөговь аймгийн “Цагаан суврага”, “Хэрмийн цав” гээд их сайхан газруудаар явсан. Тэр явсан аяллынхаа үр дүнд үзсэн харсан дээрээ судалгаа хийгээд энэ бүтээлээ туурвисан.
-Сүүлийн жилүүдэд уул, уурхайнхан энд тэндгүй сэндийчээд, эх нутгийн маань сайхан дүр төрх алдагдаад байна гэж уран бүтээлчид бухимдах болсон шүү дээ…
-Би зурагтаа Монголын яг л сайхан амгалан тайван амьдралыг тусгасан. Биднийг аялж явахад Монголын ард түмэн тийм л сайхнаараа амьдарч л байна лээ. Нэг хэсгийнх нь нүдэнд таны хэлсэн зүйлс илүү тусч харагддаг бол ихэнх хөдөөгийн ард түмэн маань миний харсан шиг тайван сайхан амьдарч байсан. Яах вэ, эмзэг хурц сэдвээр зурдаг зураачид байгаа л даа. Гэхдээ тэд нар чинь бас өөр нүдээр л харж байгаа. Би бол миний амьдарч, туулж байгаа энэ цаг үе ийм л байсан шүү гэдгийг харуулъя гэж боддог. Түүхийн асуудлыг сайн мэдэхгүй учраас зурдаггүй. Ирээдүйг ч би сайн мэдэхгүй. Өнөөгийн Монголын ард түмэн миний нүдээр ингэж л буудаг, тэрийгээ л зурсан даа.
-Ямар сэдвээр зурах дуртай вэ?
-Монголын жирийн ард түмний жирийн сайхан амьдралыг зурах дуртай. Угсаатны зүй, ёс заншлыг харуулахыг хичээдэг. Ирээдүйд энэ чинь түүх болж үлдэнэ.
-Аяллынхаа хамгийн гоё, сэтгэлд буусан агшнаас хуваалцахгүй юу?
-Өмнөговь аймгийн Зулагнайн гол сэтгэлд тодхон үлдсэн. Говьд хэдий ч ургамал ногоо нь жигдэрсэн маш сайхан газар байдаг. Бид тэнд гурав хоног амарсан, их гоё сэтгэгдэл төрсөн. Ер нь тэгээд говьд сэтгэл хөдөлгөхгүй газар байхгүй шүү дээ. Зураач хүний нүдээр харахад бүх юм өөрийн гэсэн онцлогтой, өөр өөр өнгөтэй, баялаг тансаг газар даа. Говь руу явах тусам улам л шинэ шинэ юм харж, хэзээ ч уйддаггүй. Говь бол шинэ уран бүтээлийн ундарга, булаг юм.
-Таны ойрын үеийн уран бүтээлийн төлөвлөгөө…?
-Ирэх жил найзтайгаа нийлээд бие даасан хамтарсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байгаа.