“Том болоорой, Удвалаа” тоглолтод одод нэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

“Том болоорой, Удвалаа” тоглолтод одод нэгдэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “UB Palace”-ийн концертын их танхимд өчигдөр “Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд нэг нас  есөн сартай их бие, мөчний булчингийн хатангиршил гэх ховор өвчний оноштой Э.Удвал охинд туслахаар “Том болоорой, Удвалаа” хандивын тоглолт болж, урлагийн одод нэгэн сэтгэлээр чуулан ая дуугаараа нэгдэцгээлээ.

    Энэ буяны үйлсэд рок попынхон төдийгүй албан байгууллага, хошин урлагийнхан нэгдэж байгаа аж.  Хандивын тоглолтыг “Up Music Production”-ы захирал гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн хөгжимчин Ц.Чулуунбат, “Помогите нам-2” киноны продюсер, жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, “Wisdom Production”-ы ерөнхий продюсер А.Уянга, “Амин шийдэл” PR, маркетингийн агентлагийн захирал Б.Баярсайхан, “Until Production”-ы захирал О.Болдсайхан, дуучин Р.Номин-Эрдэнэ нар санаачлан зохион байгуулсан юм.

    “Өгөх өдөр хөдөлгөөн”  төрийн бус байгууллага нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ныг Монгол үндэстнээрээ бие биедээ тусалж, урам зориг, сэтгэлийн хандив өргөн, хариу нэхэхгүйгээр бие биедээ тусалж байхын тулд “Өгөх өдөр” болгон жил бүр тэмдэглэж байхаар болжээ. Энэ өдрийн хүрээнд хийж буй тэдний эхний ажил нь бүх бие, мөчний булчингийн хатангиршил өвчнөөр шаналж буй нэг нас есөн сартай Э.Удвал охинд тусалж, эмчилгээний зардлыг нь цуглуулж өгөх байлаа. Үүнд “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллага “Том болоорой, Удвалаа” нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

    Э.Удвал охины эмчилгээний зардал болох 50 сая төгрөгийн цуглуулах зорилготой энэ төслийн хүрээнд “Up Music” продакшнтай хамтарч рок попын бүх оддын тоглолтыг “UB Palace”-ийн концертын их танхимд хийсэн бөгөөд тоглолтод залуу дуучин Маргад, дуучин Р.Номин-Эрдэнэ нар “Зураг” дуугаараа бяцхан Удвалд ая дуугаараа хандив өргөсөн юм. Энэ үдшийн хөтлөгчөөр “Найзууд” продакшны жүжигчин Э.Ууганбаяр ажиллан үзэгчдийн халуун дулаан алга ташилт, сэтгэлийн дэмийг дуучидтай холбон өөрийнхөө зохиосон дөрвөн мөртөө хүртэл Удвал охинд зориулан уншсан.

    Тайзан дээрх дэлгэцнээ “Орчлон” сургуулийн хүүхдүүдийн бяцхан дүүдээ зориулан зурсан гар зургууд ээлжлэн солигдон хүүхдийн гэгээхэн ертөнцөөр аялуулж байлаа. Энэ үдшийн хүндэт зочдын нэг төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар “Монголчууд үүссэн цагаасаа өдий хүртэл нэг нэгнийхээ төлөө явдаг байсан. Энхийн цагт ч нэг нэгнийхээ төлөө байсан юм шүү. Энэ өдрийг өндөр сэтгэгдлээр хүлээн авч байна. Бид бурхнаас дандаа гуйдаг, нэг нэгнээсээ авдаг. Яагаад өгч болохгүй гэж, нэг нэгэндээ хайраа бэлэглье” хэмээн халуун дотно үгсээр үзэгчдийг хурцалсан. Танхим дүүрэн үзэгчид алга ташин тайзан дээр байрлуулсан хандивын хайрцагын зүг чин сэтгэлээсээ гар сунган зүтгэж, хандиваа өргөж байлаа.

    Энэ үдэш мөн “Нэгэн зүгт” хамтлагийн залуус “Сэтгэлд тодхон харц” дуугаа, “Мотив” хамтлагийнхан “Чамдаа”, “Хайрын гэгээ”, Дуучин Хишигбаяр, Дэлгэрмаа нар “Зөвхөн миний хайр”, “Сэтгэлийн наран”, дуучин Дашдондог нар ая дуугаа өргөсөн.  “Asian model” агентлагийн захирал мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа “Удвал миний дүү хурдан эдгээрэй. Цаашид өөрийн агентлаг дээрээ дэмжиж, дэлбээлүүлж гаргах болно оо” гээд хандив өргөв.

    “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагыг санаачлагч, тэргүүн, “Wisdom Production”-ы ерөнхий продюсер А.Уянга тайзнаа хамтран зохиог байгуулсан энэхүү өдөрт нэгдэн бяцхан охинд гараа сунгасан хүн бүрт талархсан сэтгэлээ илэрхийлэв. Энэ үеэр түүнд нэгэн бяцхан охин өөрийн чин сэтгэлийн захидлыг тайзнаа гар ирэн өгсөн юм.

    Хайрын хос дуучид болох Анхаа Халиун тоглолтын эзэнд зориулан “Хайр өөрөө гайхалтай” дуугаа дуулан 100 мянган төгрөгийн хандивыг охинд гардууллаа.
    Мөн “Гурван охин”, “Hot Spot” хамтлаг ая дууны хамтаар сэтгэлийн халуухан үгсээ хүргэв.

    “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” уриан дор хандивын тоглолт үргэлжлэн “Sweetyemotion” хамтлагийн продюсер Чинбаа “Бид АНУ-д байхдаа олон хандивын тоглолтод оролцдог. Энэ үдэш хамтдаа Удвал охины төлөө нэгэн сэтгэлээр нэгдэн оролцож байгаадаа баяртай байна” гээд “Sweetyemotion” хамтлагийг тайзнаа урилаа. Тэд тайзнаа Удвал охиныг урин гаргаж  “Амин охин” дуугаараа түүнд зориулан дуулав.

    Зууны манлай дуучин Сараа “Ийм сайхан үйл ажиллагааг зохион, урлагийхныг манлайлан нэгтгэсэн дуучин Номикодоо маш их баярлалаа” гээд “Би дуртай” болон шинэхэн уран бүтээлээ хүргэлээ.

    Энэ үдшийн зочид болох бүтэн өдрийн турш бяцхан охин Увдалдаа зориулсан хандивын хайрцгийг олон нийтийн газраар аялуулсан 50 гаруй оюутан сурагчдыг тайзнаа урин үзэгчдийн халуун алга ташилтаар урамшуулав. “Том болоорой, Удвал” төслийн хүрээнд “Өгөх өдөр” буюу арваннэгдүгээр сарын 1-нд “Хүн бүр 500 төгрөг” нэрэн дор хотоор 24 ширхэг явуулын хайрцаг аялуулжээ.
     
    “Том болоорой, Удвалаа” тоглолтыг “Харанга” хамтлагийнхан Монголын сайхан сэтгэлт бүх ард түмэндээ зориулан  “Учралын хорвоо”, “Москвагийн бороо”, “Толин хул” дуугаараа тоглолтыг доргион үзэгчдийг байлдан дагуулсаар өндөрлүүллээ.
    Энэ өдрийн тоглолтын бүх орлогыг Э.Удвал охины эмчилгээнд хандивлана.
    Мөн энэ өдөр “Тэнгис”, “Өргөө” кино театруудад нээлтээ хийсэн “Помогите нам-2” буюу “Хуваарьгүй нислэг” инээдмийн уран сайхны киноны уран бүтээлчид эхний хоёр өдрийнхөө орлогыг хандивлахаар болжээ.

    “Харанга” хамтлагийн хөгжимчин Ц.Чулуунбат  “Манай монголчууд нэг нэгэндээ өгч сурсан хүмүүс, өөрөө хоосон байж хажуу дахь хүндээ байгаа бүхнээ өгчихөөд инээгээд явж байдаг. Манай рок попынхон энэ хөдөлгөөнд нэгдэж хандивын тоглолт хийлээ. Тоглолтын тайз гэрэл гээд бүх зүйл нь гэрэл гэгээтэй. Тоглолтын тасалбар 9999 төгрөг байлаа. Бүх орлогыг Э.Удвал охины эмчилгээний зардалд хандивлана. Э.Удвал охин нь БНСУ-ын Ионсей Их сургуулийн эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэх боломжтой байгаа. Тиймээс эмчилгээний 50 сая төгрөг маш яаралтай хэрэгтэй байгаа юм. Э.Удвал охин маань ирэх сарын 4-нд БНСУ руу явах учир бидэнд цаг маш бага байна. Тиймээс энэ жаахан охинд туслах чин хүсэлтэй хүмүүс манай хандивын данс болон явуулын хайрцагт хандиваа өргөөрэй” гэж уриалав.

    Энэхүү сэтгэлийн өглөг зөвхөн энэ өдрөөр хязгаарлагдахгүй Э.Удвал охиныг эмчилгээнд явах өдөр буюу энэ сарын 4-н хүртэл байгууллага олон нийтийн газраар үргэлжлэх бөгөөд туслахыг хүссэн хувь хүн бүр 500 төгрөг өгөх боломжтой байгаа. Мөн 150428 гэх дугаарт бүх үүрэн операторуудын хэрэглэгчид “ok” гэх мессеж илгээж болох ажээ.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж