Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өчигдөр “Намар” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн гишүүд, уран бүтээлчид дүрслэх урлагийн төрөл бүрээр шилдэг уран бүтээлүүдээрээ хуран чууллаа. Жил бүр уламжлал болон гардаг томоохон үзэсгэлэнгүүдийн нэг “Намар”-т мэргэжлийн уран бүтээлчдийн 200-гаад шилдэг бүтээлүүд дэлгэгдлээ. Энэ үзэсгэлэнгийн онцлог нь дүрслэх урлагийн салбарт өдрөөс өдөрт, үзэсгэлэнгээс үзэсгэлэнд ахин дэвшиж байгаа уран бүтээлчдээсээ уран зураг, уран баримал, бусад төрөл гэсэн гурван төрлөөр шилдгийг тодруулсан юм.
Өмнөх жилүүдэд хамгийн шилдэг гэсэн нэг уран бүтээлчийг шалгаруулан урамшуулдаг байсан бол энэ удаад уран бүтээлийн төрөл, чанар, оролцож байгаа уран бүтээлчдийн тоо олширсон учир шагналын тоогоо нэмжээ. “Намар 2010” үзэсгэлэнгээс зураач Д.Бадамын “Цагаан суваргын зун” монгол зураг, А.Очирбатын “Татах хүч” баримал, Т.Баттулгын “Тэнцвэр” арьсан урлагийн бүтээл тус тус шалгарч өргөмжлөл 500 мянган төгрөгийн мөнгөн шагналын эзэд боллоо. Үзэсгэлэн энэ сарын 11-нийг дуустал үргэлжлэх тул “Намар”-т тухлан налгар өдрүүдийн өнгө үзэмж сайхныг мэдрээрэй.
Г.Даша