Иракийн Ерөнхий сайд асан Ияда Аллавийн сөрөг хүчний эвсэл парламентын сонгуульд ялсан тухай албан ёсны дүн гуравдугаар сарын 26-нд гарах нь тодорхой боллоо. Аллавийн эвсэл парламентад 91 суудал авч байгаа нь өнөөгийн Ерөнхий сайд Нури Аль-Маликийн “Хууль эрх зүйт улс” намынхаас хоёр суудлаар их байна. Гуравдугаар байранд 70 суудал авсан Иракийн үндэсний эвсэл орлоо. Курдуудын хоёр эвслийг нэгтгэсэн “Курдистания” 43 суудал авсан байна. Иракийн парламент нь нийт 325 суудалтай. Сонгуульд ялагч нам шинэ Засгийн газрыг байгуулахад улс төрийн бүх хүчинтэй хамтран ажиллахаа зарлаад байна. Аллави эрх баригч эвслийг байгуулахад 136 депутатыг нэгтгэсэн байх ёстой. Хэрэв тэр 30 хоногийн дотор Засгийн газраа байгуулж чадахгүй бол парламентаас сонгогдсон Ерөнхийлөгч өөр эвсэлд танхимаа бүрдүүлэх үүрэг өгдөг юм. Сонгуулийн дүнг албан ёсоор зарлахаас хоёр цагийн өмнө Дияла мужийн Эль-Халис хотноо хоёр дэлбэрэлт болж 40 гаруй хүн амиа алдан 60 гаруй нь шархаджээ.