Уэствуд – Дэлхийн номер нэг гольфчин

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Уэствуд – Дэлхийн номер нэг гольфчин

Дэлхийн шилдэг гольфчдын чансааг тэргүүлэх болсон Ли Уэствуд алдрын оргилд гарсан ч цаашид улам их амжилтын төлөө тэмүүлэх болно гэдгээ илэрхийлжээ. Британийн мэргэжлийн гольфчин Ли Уэствуд өчигдрөөс эхлэн дэлхийн чансааг тэргүүлэх болсон юм. Даваа гаригт дэлхийн шилдэг гольфчдын чансааны жагсаалт шинэчлэгдэн гарсан бөгөөд уг жагсаалтыг Уэствуд тэргүүлж, таван жил гаруй хугацаанд тасралтгүй дэлхийн номер нэг гэх статусаа хадгалж байсан цуут Тайгер Вүүдсийн ноёрхлыг зогсоосон билээ. Энэхүү амжилтынх нь дараа Уэствудтэй уулзахад тэрбээр дэлхийн номер нэг гольфчин болох, тэр байраа удаан хугацаанд хадгалж үлдэнэ гэдэг огт өөр зүйл гэдгийг хэлээд, ялангуяа эрч хүчээр дахин цэнэглэгдсэн Тайгер номер нэг статусаа эргүүлэн авахын төлөө дахин тэмцэх нь ойлгомжтой учир Уэствудын хувьд амаргүй даваа гэдгийг сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр “Би Тайгерийн маш сайн мэднэ. Тиймээс түүнийг хэрхэн тэмцэхийг төсөөлж байна” хэмээжээ.

Ли Уэствуд ийнхүү дэлхийн чансааны тэргүүн эгнээнд бичигдэж буй Британийн ердөө хоёр дахь гольфчин юм. Өмнө нь алдарт Ник Фальдо чансааг тэргүүлж байлаа.

Уэствуд Английн Уоркшоп гэх 40 мянга гаруй оршин суугчтай Ист Мидландс дахь жижиг хотоос гаралтай бөгөөд өдгөө эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг ажээ. Тэрбээр цаашид Европын тавцанд тоглох сонирхолтой бөгөөд их мөнгөний төлөө U.S. PGA Tour-т тоглох хүсэлгүй гэнэ. Тэрбээр “Америк руу нүүнэ гэдэг миний хүсч, бодож явдаг амьдралтай нийцэхгүй. Мэдээж тэнд сайхан байх болно, тэд намайг хүссэн цагтаа ирэхийг урьсан. Бас дэлхийн чансааг тэргүүлэх болсон учир Америкт олон тэмцээн, уралдаанд оролцох боломжтой. Гэхдээ энэ миний хүсэл биш. Гэрээсээ хол байгаа цагт мэдээж гэр бүлийнхнээ санана. Би тэмцээн, уралдаанд оролцохоор дэлхийг тойрон аялахдаа нэгдүгээр зэрэглэлийн суудалд зорчиж, хамгийн сайн шилдэг гэсэн цохиураар тоглодог. Тиймээс намайг ямар нэг зүйлийн талаар гомдоллож байхыг сонсоогүй байх. Гэхдээ л зочид буудалд хонож, чемодан саваа баглана гэдэг хамгийн муухай зүйл” хэмээн ярьжээ.

Дэлхийн №1 гольфчин Ли Уэствуд

·    1973 оны дөрөвдүгээр сарын 24-нд Английн Уоркшоп хотноо төрсөн.

АВЬЯАСЛАГ ТАМИРЧИН
·    Уэствуд 13 настайдаа гольфын спортоор хичээллэх болсон бөгөөд үүнээс өмнө сургуулийнхаа регби, крикет болон хөлбөмбөгийн багт тоглодог байжээ.
·    Тэрбээр 1993 онд мэргэжлийн гольфын спортод хөл тавьсан.

ЕВРОПЫН ЯЛАГЧ
·    1996 онд анхны цомоо өргөж, нийт гардаж авсан шагналын мөнгөн дүнгийн хэмжээгээр зургадугаарт бичигдэх хүртэл Европын цуврал тэмцээнүүдэд түүний амжилт удаашралтай байсан гэж болно.
·    2000 онд Уэствуд зургаан тэмцээнд түрүүлж, алдарт Монтгомери, Баллестерос болон Ник Фальдо нарын амжилтыг давтсан юм.
·    2008-09 оны улиралд тэрбээр авсан мөнгөн шагналын хэмжээгээр хоёрдугаарт бичигдэв.

RYDER CUP-ЫН АМЖИЛТ
·    Америкийн шилдэг гольфчин Арнольд Палмерийн тогтоосон амжилтыг давтаж, Уэствуд Ryder Cup тэмцээнд 12 дараалан ялжээ.

ЯЛАЛТАД ГАНЦ АЛХАМ ДУТАВ
·    2004 оны British Open тэмцээнд дөрөвдүгээр байрт, 2008 оны US Open тэмцээнд гуравдугаар байрт шалгарав.
·    Мөн 2009 оны British Open-д гуравдугаар байрт шалгарсан бөгөөд мөн жилдээ US PGA Championships-т Рори МакИлройн хамт гуравдугаар байрыг хуваан эзэлжээ.
·    Харин 2010 онд US Masters болон British Open тэмцээнд дэд байрт шалгарсан байна.

ГЭР БҮЛ
·    Мэргэжлийн гольфын спортод мэргэжил нэгт болох Эндрью Колтартын охин дүү Лауритай 1999 онд гэрлэж, өдгөө хосууд хоёр хүүхэдтэй болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж