Далаад оныхон түрэлт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.02-нд нийтлэгдсэн

Далаад оныхон түрэлт хийнэ

МАХН-ын
XXYI их хурал болоход хоёрхон хоног үлдлээ. Түүгээр намын уугуул нэрийг
сэргээх, үзэл баримтлалаа Үндэсний ардчилсан болгох зэрэг бол нэгэнт
ойлгомжтой болсон асуудал. “Шинэтгэлийн” гэсэн тодотголтой их хурлын
өмнө УИХ дахь МАХН-ын бүлгийнхэн орой үдшийн цагаар цугларамтгай болов.
МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулахаар ийнхүү хуралддаг болжээ. Гэхдээ
ихээхэн ардчилсан бус өөрчлөлтүүд орж, бодлогын сахилга гэгчээр
гишүүдийнхээ эрх чөлөөг нухчин дарах гэж буйд дургүйцэх гишүүд байна.
Үүнээс гадна намыг дэд даргатай болгох эсэх, нарийн бичгийн дарга нараа
солих уу, болих уу гэсэн олон асуудал гишүүдийг ээрч байгаа аж. Түүгээр
үл барам МАХН-ын толгойг солих асуудал ч ил далд сөхөгдөөд ирсэн бөгөөд
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ө.Энхтүвшин нар далд өрсөлдөөнөө хэдийнэ эхэлсэн
гэх мэдээлэл Төрийн ордонд чих дэлсч байна.

Намын ерөнхий нарийн
бичгийн дарга У.Хүрэлсүхийн хүрээллийнхэн МАХН-ын удирдлагыг гартаа
авахыг чармайж, 1970-аад оны түрэлтийг эхлүүлэн  намын нөлөө бүхий
байгууллага болох  Бага хуралд олноор оруулах чиглэлээр их хурал дээр
блок байгуулан ажиллахаар ярилцаж байгаа сурагтай. Тэд МАХН-ын нарийн
бичгийн дарга Ц.Сүхбаатар, У.Барсболд нарыг “халж” санхүүгийн “Тэнгэр”
нэгдлийн захирал Ч.Ганхуяг, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга
Д.Цогтбаатар нарыг тэдний оронд зүтгүүлэхээр лоббидохоор болсон
дуулдана. МАХН-ын Бага хурлын бүрэлдэхүүнийг ХХYI их хурлаар шинэчилнэ.
Түүнд залуусаас аль болох олноор оруулахаар “Нөхөр Догсом” хийгээд
залуучуудын бусад бүлэглэлүүд хоршин ажиллахаар болжээ. УИХ-ын гишүүдээс
сайд Г.Занданшатар, Д.Зоригт, эрхэм гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт,
Ж.Энхбаяр нарыг шинэ бүрэлдэхүүнд багтаах нь 1970-аад оныхны гол
сонирхол болжээ.

Ингэснээр МАХН-ын ХХYI их хурлаар 1970-аад
оныхны ширүүхэн түрэлт үүсч, намын дээд хүрээнд орон зайгаа бэхжүүлэх
торгон агшин тохиох гэж буй дуулдана.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж