
Нэгэн зууны өмнө хурдацтай өссөн Германы эдийн засгийн айдас дэлхийн дайныг өдөөж байв. Өнөөдөр харин БНХАУ-ын гэрлийн хурдацтай хөгжил АНУ-д айдас төрүүлж, дажин дэгдээх вий гэж зарим шинжээчид таамаглаж байна. Үнэхээр БНХАУ-ын хөгжил цаашид дэлхийн эдийн засаг, ирээдүйг тодорхойлох уу?
Герман улсын аж үйлдвэрлэлийн хөгжил Британийнхаас давж, Кайзер Вильхелм дэлхийд чиглэсэн гадаад бодлого баримталсан нь агуу гүрнүүдийг хагаралдуулсан. Харин БНХАУ эдийн засаг, цэрэг зэвсгийн талаар ч АНУ-ын ард хоцорсон, зөвхөн өөрийн бүс нутаг, улс орныхоо эдийн засагт илүүтэй чиглэсэн бодлого баримталж буй. Хятадын Ленинист загварын эдийн засгийн бодлого бусад орнуудад төдийлөн халгүй гэж Кэмбрижийн их сургуулийн профессор Жосеф С.Най хэлж байна.
Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2030 онд АНУ-ынхаас давсан ч эдийн засгийн цар хүрээ ижил төвшинд байна гэж тэрбээр үзэж байгаа аж. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2030 онд зургаан хувь, харин АНУ-ынх хоёр хувь байлаа гэхэд Хятад капитал орлогын хэмжээнд АНУ-ыг энэ зууны хагас хүртэл давж гарч чадахгүй. Нэгэнт ардчилсан замаар хөгжөөгүй БНХАУ улс төрийн хэмжээнд ихээхэн шалгуур даван гарах шаардлагатай. Тус улсын улс төрийн байдал, бүсийн эрх тэгш байдал, автономит улсууд зэргийн ирээдүй цаашид ямар байх нь таамаг төдий л байгаа юм.
Хятад улс АНУ-тай дэлхийн хэмжээнд сөргөлдөх чадваргүй байгаа ч Ази тивд ихээхэн нөлөө үзүүлэх боломжтой. Гэхдээ хоёр улс эдийн засгийн тогтвортой байдал, кибер хамгаалалт болон цаг уурын өөрчлөлт зэрэг ижил асуудалтай тулгарах нь тодорхой тул хамтран ажиллаж чадвал хамаагүй ихийг бүтээх боломжтой хэмээн CNN агентлаг бичжээ.
Одоо АНУ, Хятадын хооронд валютын ханшийн талаар зөрчилдөөн үүсээд байгаа. Хятад экспортын бүтээгдэхүүнээ хямд байлгахын тулд мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хүчээр барьж байгаа. Импортлогч орнуудад хямд үнэтэй бараа нийлүүлж, гадаад худалдаанаас ашиг олж чадсанаар БНХАУ сүүлийн 30 жилийн дотор огцом хөгжиж чадсан. Гэвч зохиомлоор юанийн ханшийг бага байлгаж байгаа нь бусад орнуудын гадаад худалдаанд муугаар нөлөөлж байгаа юм. АНУ үүнийг хамгийн ихээр буруушааж, шударга өрсөлдөөний эсрэг заль хэрэглэж байна хэмээн мэдэгдэж байгаа билээ. Юанийн ханшийг аргамжаанаас нь тавибал Хятадын гадаад худалдаа эрс буурах эрсдэлтэй байгаа. Иймээс Бээжин гадаад худалдаанд муугаар нөлөөлөхгүйгээр юанийн ханшийг өсгөх бодлого боловсруулахаар ажиллаж байгаа гэж буй. Тэдний хувьд мөнгөний зах зээлд бусад оронтой нэгдмэл байдлаар хандах нь хамгийн гол асуудал болж байгаа юм. Хэдийгээр олон улсын зүгээс Хятадыг мөнгөн тэмдэгтийн ханшаа чөлөөлөх ёстой хэмээн шахалт үзүүлж байгаа ч ойрын ирээдүйд дорвитой алхам хийхгүй шинжтэй хэвээр байна.
Даваа гаригт гарсан тайлангаас харахад БНХАУ-ын аж үйлдвэрлэл аравдугаар сард хурдацтай өссөн байгаа. Тус улсын худалдан авагч менежерүүдийн индекс буюу “PMI” энэ сард 54,7 байгаа юм. Энэ индекс сүүлийн 20 сар дараалан 50-аас дээш гарч байгаа билээ. Хамгийн бага төвшин нь 2008 оны арваннэгдүгээр сард харагдаж, ердөө 38,8 байсан юм.
Хятадын эдийн засгийн өсөлт хэдийгээр гуравдугаар улиралд 9,6 хувь болон буурсан ч ирээдүйд тогтвортой өсөх хандлагатай байгаа. Харин Азийн бусад орнуудад байдал тийм ч сайн биш байгаа. Тивдээ тэргүүлэгч Өмнөд Солонгос, Тайвань болон Японы PMI индекс удаа дараа сөрөг гарч байгаа нь дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын нөлөө юм. Харин БНХАУ санхүүгийн хямралд цохигдолгүй асар хурдацтай хөгжсөөр байна.
“HSBC” банкны тооцоолсноор Тайванийн PMI индекс 48,6 хувь хүртэл буурч, гурван сар дараалсан унаж байгаа. Харин Өмнөд Солонгосынх 46,7 хувь Японы PMI 47,2 хувь хүртэл буурсан. Азийн орнууд дэлхийн эдийн засгийн хямралын дараа асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь зохих үр дүнгээ үзүүлсэн ч өсөлтөө хадгалж чадахгүй байгаа. Японоос бусад орны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ дунджаар есөн хувь, аж үйлдвэрлэл 25 хувийн өсөлттэй байна. Хэдийгээр энэ нь сайн мэдээ мэт харагдаж байгаа ч дотоодын худалдаа илүүтэй нэмэгдэж, экспортын хэмжээ буурч байгаа. Экспортод тулгуурласан зарим орны хувьд таатай нөхцөл биш. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутгийн аж үйлдвэрийн өсөлт гадаад бус, дотоодын хэрэглээнээс үүдэлтэй гэсэн үг юм.
БНХАУ-ын нөлөө дэлхийн хөрөнгийн биржүүд дээр хүчтэй байгаа. Даваа гаригт аж үйлдвэрлэлийн индексийн тайлангийн дараа Азийн хөрөнгийн биржүүд “үсрэв”. “MSCI” биржийн индекс 1,6 хувиар өсч, Хонгконг, Шанхайн биржид ч өсөлт харагдаж байна. Шинжээчид хэрэглээний өртгийн индексийг бараг хоёр жилийн өндөрлөгт хүрсэн гэж тооцоолж байна. Тус улсын өсөлт өнгөрсөн жилтэй харьцуулахад бага зэрэг удааширч байгаа билээ. Оны эхний улиралд 11,9 хувиар өссөн эдийн засаг гуравдугаар улиралд 10,3 хувь болж буураад байгаа.
Түүнчлэн БНХАУ металлын том импортлогч. Дэлхийн хэмжээнд төмрийн хүдрийн хэрэглээ өсч буйгаас тус салбартаа тэргүүлэгч Бразилийн “Vale” компанийн ашиг эрс нэмэгдэж, татвараас өмнөх нийт орлого 8,8 тэрбум ам.доллар болсон нь нь мөн л БНХАУ-тай холбоотой. БНХАУ-ын тус компаниас худалдан авсан төмрийн хүдрийн хэмжээ 46 хувиар өссөн байгаа юм. Хятадын Засгийн газар бага орлоготой нийгмийн бүлэгт зориулан 5,8 сая айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа нь төмрийн хүдрийн хэрэгцээг нэмж байна. Түүнчлэн аж үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт асар их хөрөнгө оруулалт хийж байгаа нь зэс, хөнгөн цагааны хэрэглээг нэмэгдүүлж, дэлхийн хөрөнгийн биржүүд дээрх металлын үнийг тодорхойлох нэг хүчин зүйл болж байгаа юм.
Гэхдээ Хятадын хамгийн том асуудал нь инфляцийн төвшин болон эдийн засгийн хэт халалт. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад БНХАУ-ын ДНБ сүүлийн гурван сарын дотор 9,6 хувиар өссөн. Үүнийг дагаад инфляцийн төвшин есдүгээр сард 3.6 хувь буюу бараг хоёр жилийн турш харагдаагүй хэмжээнд хүрээд байгаа юм. Дөрөвдүгээр сараас хойш БНХАУ-ын бодлого боловсруулагчид зээл төлөлтийн шаардлагыг чангатгаж, гурав дахь орон сууц авах зээлийг түр зогсоож, өмчийн татварт илүү чанга бодлого тавих санал дэвшүүлээд байгаа. Ингэж чадвал эдийн засгийг хэт халахаас сэргийлж, инфляцийг барьж чадна гэж тооцоолж байна.
Азидаа хоёр дахь том эдийн засаг болох Японд дифляцийн аюул нүүрлэж байна. Энэ онд иенийн ханш ам.долларын эсрэг 13 хувиар өссөн нь эдийн засгийг хөдөлгөгч гол хүчин экспорттой холбоотой. Гэвч буурч буй экспортын хэмжээ цаашид ч сэргэх шинжгүй байгаа нь Японы байр суурьт муугаар нөлөөлөхөөр байна. Азийн гурав дахь том эдийн засгийн бүс Энэтхэгт аравдугаар сарын байдлаар аж үйлдвэрийн индекс 57,2 болон өссөн нь тус улсыг Хятадаас дутахааргүй хүчирхэг байгааг илтгэж байна. Тэгэхээр БНХАУ болон Энэтхэг Азийн эдийн засгийн хамгийн гол тоглогч болох нь гарцаагүй. Тэд Япон төдийгүй, АНУ, Европын дийлэнх улсын эдийн засаг суларч буй энэ мөчид хүч түрэн гарч ирж байна.