
Тэрбээр нэг жилийн өмнө мөн манай улсад айлчилж байсан юм. ОУАЭА-ийн Ерөнхий захирлын 2009 онд хийсэн айлчлалаас хойш ОУАЭА-ийн хорт хавдрын эмчилгээний хөтөлбөрийн хүрээнд тус агентлагаас Монголд хоёр судалгаа хийж, Монгол Улсыг Хорт хавдрын эмчилгээний загвар хөтөлбөр (PACT)-т хамруулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ оны гуравдугаар сард ОУАЭА-т айлчлах үеэр ОУАЭА болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг Хорт хавдартай тэмцэх загвар хөтөлбөрийг хэрэгжүүлэх (PMDS) найм дахь улсаар тодруулсныг албан ёсоор мэдэгдсэн билээ.
Цөмийн энергийн газрын удирдлага ноён Юкияа Амано-той уулзах үеэрээ Монгол Улс энэ загвар хөтөлбөрт хамрагдах болсонд түүний хичээл зүтгэл их байсныг тэмдэглээд “Улс орны 2009-2014 оны хөтөлбөрийн хүрээ” (Country Program Framework)-ний баримт бичигт тусгасан зорилтуудыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлээ.
Уулзалт ярианы үеэр цөмийн энерги болон цацраг идэвхт ашигт малтмалын талаар Монголын төрөөс баримталж буй бодлого, 2012 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ЦЭГ-аас танилцууллаа. Тухайлбал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, баталгаажсан нөөцийг нэмэгдүүлэн, олборлолтод хөрөнгө оруулах сонирхол бүхий стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран Мардайн зэрэг ураны ордуудыг ашиглаж эхлэх, Цөмийн эрчим хүчийг ашиглах нарийвчилсан судалгаа хийж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, цацрагийн хяналт, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа танилцуулав.
Цөмийн энергийн газрын төлөөлөгчид 2010 оны наймдугаар сарын 19-23-нд Канад Улсын Саскатун хотод болсон “Ураны бүлэг” (Uranium Group)-ийн 45 дугаар хуралд оролцохдоо 2011 оны “Улаан ном”-д орох тайланд Монгол Улсын батлагдсан ураны нөөцийг 74 мянган тонн болсоныг албан ёсоор мэдэгдсэнээ ЦЭГ-ын удирдлага уулзалтын үеэр дурдаад цаашид энэ нөөц өсөх хандлагтай байгааг тэмдэглэлээ. Мөн Монгол орны нөхцөлд таарсан Бага оврын атомын цахилгаан станц байгуулахтай холбоотойгоор урьдчилсан судалгааны ажлууд хийж байгаагаа өгүүлэв. Энэ хүрээнд “Цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа” төслийг ЦЭГ, ШУА-ийн Физик-технологийн хүрээлэн, Газар зүйн хүрээлэн, Одон орон, геофизикийн судалгааны төв, Геоэкологийн хүрээлэн, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, “Эрчим” корпораци зэрэг байгууллагууд хамтран гүйцэтгэж байна. Түүнчлэн хүний нөөцийн төлөвлөлт, цөмийн инженерийнгийн үндэсний сургалтын тогтолцоог бий болгох, судалгааны реакторын сонголтын талаар төсөл боловсруулж, Япон Улсын Токиогийн Техникийн институттэй хамтран ажиллаж, тэднээс зөвлөгөө авч ажиллаж байна.
ОУАЭА нь цацрагийн хяналт, хамгаалалтын чиглэлээр Монгол улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, зөвлөгөө өгөх, техник тоног төхөөрөмж нийлүүлэх зэргээр ихээхэн тусламж дэмжлэг үзүүлж ирсний үр дүнд цацрагийн хяналт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад их ахиц дэвшил гарсныг ЦЭГ-ийн дарга С.Энхбат онцлон дурдлаа. ОУАЭА-ийн зөвлөмж, заавар, техникийн баримт бичгийг үндэслэн цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд тавих төрийн хяналтын тогтолцоог олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн сайжруулах чиглэлээр цаашид хамтран ажиллах тодорхой саналуудыг ЦЭГ-аас ОУАЭА-ийн ерөнхий захирал Юкияа Амано-д танилцуулав.
Тухайлбал ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах үеийн дүрэм, журам, эрх зүйн хэм хэмжээний актуудыг боловсруулах, шинэчлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналт тавих, хүрээлэн буй орчны цацрагийн аюулгүйн үнэлгээний чиглэлээр мэргэжилтэн албан хаагчдыг урт болон богино хугацааны сургалтанд хамруулах, цөмийн болон цацрагийн хяналтын мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах, хөгжилтэй орнуудын туршлага судлахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед авах арга хэмжээний талаар сургалт, семинар зохион байгуулах, Байгаль орчны цацрагийн хяналт болон геологийн дээжинд цацрагийн шинжилгээ хийх иж бүрэн лаборатори байгуулах болон лабораторийн мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй орны эрдэм шинжилгээний хүрээлэн болон лабораториудад дадлага хийлгэх, шинжилгээний арга аргачлалыг эзэмших, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
З.ГИЛ