Карзай хар тамхитай тэмцэгчдэд уурлав

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Карзай хар тамхитай тэмцэгчдэд уурлав

("AFP", Франц)

Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай “түүний зөвшөөрөлгүйгээр Афганистаны зүүн хэсэгт мансууруулах бодисын эсрэг Орос, АНУ хоёрын хамтран явуулсан ажиллагааг буруутган дургүйцэв. Тэрээр НАТО-гийн командлалаас “тайлбар” шаардлаа.

“Ганц ч байгууллага эсвэл холбоо ийм ажиллагааг манай нутаг дэвсгэрт Афганистаны Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр явуулах эрхгүй” гэж ерөнхийлөгчийн албаны мэдэгдэлд хэлжээ.

“Афганистан энэ ажиллагааг буруутгаж байна. Нэг талын ийм ажиллагаа нь Афганистаны бие даасан байдал ба олон улсын хуулийг зөрчсөн хэрэг” гэж илгээлтэд өгүүлжээ. Иймэрхүү үйл ажиллагааг дахин давтах аваас Кабулын зүгээс “хариу” гаргана гэж тэнд сануулсан байлаа.

Кабулд AFP агентлагад мэдэгдэл хийхдээ Оросын хар тамхины эргэлтийг хянах улсын албаны төлөөлөгч хурандаа Алексей Милованов энэ ажиллагааны талаар ерөнхийлөгч Карзайд мэдэгдээгүй байсан, үйл ажиллагааг Афганистаны ДХЯ-ны төлөөлөгчид явуулсан харин бид биш гэж Милованов мэдэгджээ.

“Афганистан ба Оросын хоорондын байгуулсан мансууруулах бодисын эсрэг тусгай ажиллагаанд зөвлөгч нараа байлгах тухай гэрээний дагуу манай зөвлөхүүд байсан юм” гэж Милованов өгүүлэв.

Орос, Америкийн хууль хяналтын байгууллагын ажилтнууд анх удаагаа хар тамхины эсрэг ажиллагааг Афганистанд явууллаа гэж Мансууруулах бодисын эргэлтийг хянах холбооны албаны (МБЭХХА) тэргүүн Виктор Иванов хэлээд Москва ийм ажиллагааны тоог нэмэгдүүлэн, өөрийн мэргэжилтнүүдээ байлгах хүсэлтэйг сануулав.

Миловановын мэдэгдсэнээр уг ажиллагааны явцад 932 кг героин, 156 кг опиум нийтдээ 250 сая ам.долларын мансууруулагчийг хураан авсан байна.

Тэрээр тодруулахдаа уг үйл ажиллагаанд МБЭХХА-ны дөрвөн төлөөлөгч, Мансууруулах бодистой тэмцэх Америкийн албаны ажилтнууд ба Афганы Дотоод хэргийн яамны ажилтнууд оролцжээ. Ажиллагааны бэлтгэлд гурван сарыг зарцуулсан байна. “Афган, Пакистаны хилээс таван км-ын зайтай, мансууруулах бодисын наймааны чухал бааз нь тэр байлаа” гэж Иванов онцлов. Орос Афганы цагдаагийнхныг  мансууруулах бодистой тэмцэхэд нь сургахад бэлэн байна. Энэ асуудал шийдэгдээгүй, Афганы эрх баригчдын зөвшөөрөл хэрэгтэй гэж тэр хэлэв.

Афганистанаас орж ирж байгаа мансууруулах бодисын  эргэлт нэмэгдэж байгаа хэмээн Москва системтайгаар мэдэгдэн, тус оронд байрласан Америкийн хүчин юу ч хийхгүй байна гэж буруутгаж иржээ. Зөвлөлтийн армийн хүчин мөхөсдсөнийг харуулж, Зөвлөлтийн нэр хүндэд хор хөнөөл учруулсан арван жилийн дайны дараа 1989 онд Зөвлөлтийн дайчдын орхин гарсан нутагт өөрийн цэргийн албан хаагч нараа байрлуулахын эсрэг Оросууд байгаа билээ.

Афганистанд дэлхийн опиумын үйлдвэрлэлийн 90 хувь нь ноогддог. Энэ жилд Афганистан 3600 тонн опиум үйлдвэрлэсэн нь өнгөрсөн 2009 онтой харьцуулахад 50 хувиар бага байна гэж есдүгээр сарын сүүлчээр НҮБ-ын Мансууруулах бодис ба гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээнд өгүүлсэн байлаа. Гэхдээ тэр мансууруулагчийн үнэ 38 хувиар нэмэгдэн 604 сая ам.доллар хүрсэн гэж Afghanistan Opium Survey 2010 байгууллага мэдээлжээ.

Нийтлэлийн эх сурвалж: Inosmi.ru
Бэлтгэсэн: Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж