“Лондон-2012” олимпийн наадамд бэлтгэж буй тамирчдыг “Сүү” ХХК ивээн тэтгэхээр боллоо. Энэ тухайгаа тус компанийнхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Хэвлэлийн хуралд бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга С.Батцэцэгд, элхийн аваргын мөнгөн медальт, боксын оюутны дэлхийн аварга, гавьяат тамирчин Н.Төгсцогт, хүүхдийн олимпийн аварга Г.Эрдэнэболд, хүүхдийн олимпийн аварга Б.Батцэцэг болон “Сүү” ХХК-ийн маркетингийн менежер н.Алтантуяа, Олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат тамирчин Н.Баярсайхан нар оролцов. 50 гаруй жилийн түүхтэй “Сүү” компани “Лондон-2012” олимпод оролцох тамирчдыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахаар шийдвэрлэсэн бөгөөд өдөр тутмынх нь сүүний хэрэгцээг олимп хүртэл даахаар болжээ. Эхний ээлжинд тус компани дээрх дөрвөн тамирчны сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахаар болж, өнөөдөр гэрээ байгуулсан юм. Олимпийн медальтнуудын холбооны нарийн бичгийн дарга, гавьяат тамирчин Н.Баярсайхан хэлэхдээ “Манай тамирчид бэлтгэлээ маш сайн хийж байгаа. Хүн өдөрт заавал нэг аяга сүү уух ёстой байдаг. Тэр утгаараа манай үндэсний үйлдвэрлэгчид ийн тамирчдыг дэмжиж, олимпод бэлтгэж буй шилдэг тамирчдыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах болсонд баяртай байна” гэлээ.
М.Урин