Монгол улсын Эрчим хүчний төслийг өргөжүүлэхээр шийдлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Монгол улсын Эрчим хүчний төслийг өргөжүүлэхээр шийдлээ

Монгол улсад амжилттай хэрэгжиж байгаа эрчим хүчний төслийн санхүүжилтийг 12 сая ам. доллараар нэмэгдүүлэхээр Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл шийдвэрлэлээ гэж  Дэлхийн банкнаас мэдээлсэн байна.

2001 онд анх хэрэгжүүлж эхэлсэн Эрчим хүчний төсөл нь  Улаанбаатар хот болон есөн аймгийн төвийн эрчим хүчний алдагдлыг багасгах, орлогыг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. 2009 оны байдлаар, эрчим хүч түгээх сүлжээний нийт алдагдал багасгаж, улмаар орлого 17 орчим сая ам. доллараар өссөн байна.

Улаанбаатар хотын оршин суугчдын тоо 1995 оноос хойш бараг хоёр дахин өсч, Монголын нийт (2.7 сая) хүн амын нэг сая гаруй нь Улаанбаатар хотод оршин сууж байна.  Нийслэл хотод орон сууц болон бизнессийн үйл ажиллагаа өргөжин тэлсэнтэй холбогдон эрчим хүчний эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдсэн. Улаанбаатар хотын эрчим хүч түгээх сүлжээ компанийн  \УБЭТС\ тооцоогоор, ирэх таван жилийн хугацаанд эрчим хүчний эрэлт хэрэгцээ хоёр дахин, 2020 он гэхэд гурав дахин өсөх хандлагатай байна.

Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд техникийн ямар нэг томоохон шинэчлэл хийгээгүй ажиллаж ирсэн  УБ хотын эрчим хүчний систем, дамжуулах болон түгээх сүлжээнд энэхүү өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээ нь ихээхэн дарамт болж байна. Систем нь цахилгааныг найдвартай хангахын тулд бүхий л боломжоо дайчлан ажиллаж байгаа ч гэсэн шинээр өсөн нэмэгдэж буй  нэмэлт эрэлт хэрэгцээг хангах боломжгүй байна. Энэ байдал нь ялангуяа цаг агаарын температур -35С хүрдэг өвлийн саруудад системийн ажиллагааг доголдуулах эрсдлийг бий болгож байна.

Эрчим хүчний төслийн үр нөлөөг улам бэхжүүлэх үүднээс үйл ажиллагааг   өргөжүүлэх шаардлага байгаа талаар холбогдох мэргэжлийн хүрээнд нэгдсэн байр суурьтай байна. Төслийг өргөжүүлсэнээр сүлжээний алдагдлыг улам бүр бууруулах болон Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээнд нэн чухлаар шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх боломжийг Монгол улсын Засгийн газарт олгох юм.

“Дэлхийн банкнаас Эрчим хүчний төслийг ийнхүү дэмжсэнээр эрчим хүчний салбарын санхүүгийн чадвар, үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад дөхөм үзүүлж, Монгол улсын хөгжлийн нэн чухал салбарт цаашид яриа хэлэлцээг үргэлжлүүлэн, хамтран ажиллах үндэс суурь болох юм”  гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саиед цохон тэмдэглэв.

“Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын Эрчим хүч түгээх сүлжээ компанид нэн чухлаар шаардагдаж байгаа хөрөнгө оруулалт болон Улаанбаатар хот, төвийн бүсийн түгээх, дамжуулах сүлжээний төлөвлөлтөнд, мөн холбогдох мэдээллийн технологи, төслийн менежмент зэрэг асуудлаар цахилгаан түгээх компаниудын ажиллагсадын мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно” гэж Дэлхийн банкны дэд бүтцийн асуудал хариуцсан ажилтан, Эрчим хүчний төслийн ажлын хэсгийн ахлагч Т.Цэвэгмид мэдэгдсэн байна гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж