Ажиглагчид “British Airways”-ын удирдлагуудыг шүүмжиллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Ажиглагчид “British Airways”-ын удирдлагуудыг шүүмжиллээ

Хөдөлмөрийн харилцааны шинжээч 95 ажиглагч ”British Airways” компаны босс Willie Walsh-ыг үйлдвэрчний эвлэлийн байр суурийг сонсохгүй байна гэж шүүмжиллээ. “The Guardian” сонинд ирүүлсэн захидалдаа эрдэмтэн судлаачид өнөөгийн нөхцөл байдалд “Unite” үйлдвэрчний эвлэлтэй харилцаж байгаа байдлыг нь харах юм бол үүнээс өөр дүгнэлт өгөх боломжгүй байна гэсэн байна.

Хэрвээ цалин хөлс, ажлын нөхцөл байдалтай холбогдуулан тавьсан саналуудыг нь нааштай шийдвэрлэхгүй бол ”British Airways”-ийн нисэх багийн ажилчид гуравдугаар сарын 27-ны бямба гаригийн 00 цагаас дахин дөрөв хоногийн ажил хаялт хийх болно гэж мэдэгдээд байгаа юм. ”British Airways”-ийн удирдлага дээрх шүүмжлэлийг үгүйсгэж байгаа бөгөөд үйлдвэрчний эвлэлтэй олон сарын турш хэлэлцээр хийж байгаа гэж тайлбарласан. Сонинд захидал ирүүлсэн шинжээчдийн дотор Их Британий янз бүрийн хотуудын их сургуулиудын эрдэмтэд багтаж байгаа бөгөөд “Oxford”-ын их сургуулийн эрдэмтэд ч мөн байна. Захидалд үйлдвэрлэлийн салбарын маргаан гарахад нөлөөлсөн хүчин зүйлс, ажил хаялтын өрнөлд шинжилгээ хийгээд “гүйцэтгэх захирлын үйл ажиллагаануудыг харахад … үйлдвэрчний эвлэлийг хагалан бутаргах сонирхолтой байна гэсэн дүгнэлт өгөхөөс өөр аргагүй байна” гэж бичсэн байна.
Walsh захирал өнгөрсөн долоо хоногт үйлдвэрчний эвлэлтэй гурав хоног хэлэлцээ хийсэн гэж “British Airways” мэдэгдсэн. “British Airways” компани одоогоор алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд бусад нисэх компаниудтай өрсөлдөөн ширүүсч байгаа тул зардлаа танах хэрэгтэй байна гэж мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт ажилчдын “Unite” үйлдвэрчний эвлэл компанийн шийдвэрүүдийг эсэргүүцэж гурав хоногийн ажил хаялт хийсэн. Тэд “бид компани зардлаа танах хэрэгтэй гэдгийг дэмжиж байна. Харин үүнийгээ хэрэгжүүлж байгаа арга барилыг нь дэмжихгүй байна” гэж байр сууриа илэрхийлсэн. Маргаантай байдал улам хурцадсаар байгаа бөгөөд үйлдвэрчний эвлэл удирдлагуудаа ажилтнуудыгаа “дээрэлхэж, дорд үзэж харьцаж байна” гэж үзэж байна. Ажил хаялтын улмаас ”British Airways” компани багадаа 21 сая паундын алдагдал хүлээсэн гэж тус компани мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж