ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэртэй танилцана

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэртэй танилцана

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн томоохон зорилтын нэг нь улс орныг үйлдвэржүүлж иргэдийг ажлын байраар хангах асуудал багтдаг. Тэр ч утгаараа Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ хөтөлбөрийг тусгасан төдийгүй  өөрөө биечлэн хариуцдаг байна.

Тэбээр  Жижиг дунд үйлдвэрийн газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан  хоёр жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж иргэдэд олгож буй зээлийн нөхцөл байдалтай танилцлаа.

Өнгөрсөн жил энэ хөтөлбөрийн хүрээнд нийт долоон тэрбум төгрөгийг зээл хүссэн иргэдэд 100 хувь олгосон бол энэ жил 8.6 тэрбум төгрөгийг олгожээ. Энэ жилийн зээл олголт 99.8 хувьтай байгаа бөгөөд үлдэгдэл 4 сая төгрөг байгаа гэнэ. Жижиг дунд үйлдвэрлэлийнхний хувьд иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу зээлийн нөхцөл байдалтай танилцаад дэмжиж өгөх саналыг банкинд тавьдаг бөгөөд банк зээл олгох эсэхийг эцсийн байдлаар шийддэг байна. Гэвч жижиг бизнес эрхлэгчдийн хувьд банкнаас тавьсан барьцаа хөрөнгийн баталгаа гаргах тал дээр хүндрэлтэй байдаг, мөн жижиг үйлдвэрлэл эрхлэгчид ихэвчлэн эрээний хямдхан тоног төхөөрөмж оруулж ирдэг тул банкууд багаж тоног төхөөрөмжийг барьцаалдаггүй. Тэгээд ч захыг дэмжих биш арай өөр чиглэлээр монгол үйлдвэрлэл түүнчлэн чанартай шинэ технологийг зээлдэгчдээс хүсдэг тухай жижиг дунд үйлдвэрлэлийнхэн ярьж байлаа. Тэргүүн шадар сайд  Улаанбаатарт зээл хүсэгчдэд зээл олгоход дүүргийн оролцоо хэр байдаг талаар сонирхоход дүүрэг ганцхан мэргэжилтэнтэй тул зээл хүссэн болгоны зээлтэй танилцаж шийдвэр гаргахад хүндрэлтэй тул дүүргийн оролцоо бага гэхдээ үнэхээр дүүрэгтээ зээл хүссэн иргэдийн ахуй амьжиргаа зээлийн баталгаа нөхцөл байдлыг судалсан тохиолдолд комиссын хуралд суух боломжтой гэдэг тайлбарыг өгсөн юм. Тэргүүн шадар сайд хурлын эцэст зээлийн нөхцөл байдлыг тодорхой бодлого гаргаж хэрэгжүүлэх нь зүйтэй юм.Техник технологийн чиглэл, ажлын байр бий болгох асуудлыг ч бас харгалзан үзэх нь зүйтэй. Засгийн газрын хүрээнд олгогдож байгаа зээлийг аль болох жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд хүртээмжтэй маягаар олгох харин том зээл хүсэгчдийг бусад үйлдвэрлэлийг дэмжих зээлүүдээс оруулж байх нь зүйтэй юм хэмээлээ. Тэрбээр ирэх долоо хоногт буюу энэ сарын эхний долоо хоногт Улаанбаатар хотод үйлдвэрлэл эрхэлж буй 10 үйлдвэрээр орж ажил байдалтай нь танилцах,  зээлийн хэрэгжилт хэрхэн үр нөлөөгөө өгч байгааг өөрөө биечлэн явж танилцах гэнэ. Дашрамд дурдахад Тэргүүн шадар сайд хоёр жилийн хугацаанд 14 аймагт очихдоо жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж ажлын байр бий болгох ахуй амьжиргаагаа дээшлүүлэхээр зээл аван ажиллаж буй иргэдийн үйлдвэрлэлтэй танилцаж аймагт очсон зээл хэр үр өгөөжөө өгч байгаа талаар тэрээр биечлэн танилцаж уулзалт хийдэг уламжлалаа энэ удаад Улаанбаатар хотод үргэлжлүүлж байгаа нь энэ аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж