
Microsoft корпораци саяхан гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж, орлогын хэмжээ 25 хувиар өсч, 16,2 тэрбум ам.долларт хүрсэн гэх таатай мэдээллийг олон нийтэд зарласан юм. Windows 7 үйлдлийн систем, Office 2010 программ болон Xbox 360 тоглоомын консол зах зээлд борлуулалт сайтай байсны дүнд тус корпораци ийнхүү ашигтай ажиллажээ. Харин Microsoft-ын удирдлага ийм амжилттай ажиллахад голлох үүрэг гүйцэтгэсэн компанийн ажилчдадаа Зул сарын баярын өмнө том бэлэг барихаар шийдсэн байна. Network World-д өгсөн ярилцлагадаа Windows Phone хариуцсан салбарын захирал Гай Гилберт “Microsoft-ын бүх ажилчид Windows Phone 7 гар утастай болно” хэмээжээ. Windows Phone 7 үйлдлийн системтэй гар утаснууд худалдаанд гарчихсан боловч тус корпорацийн ажилчид бүгд энэхүү гар утсыг хэрэглэх боломжгүй байгаа юм. Тиймээс ч компанийн удирдлага шинэ оны босгон дээр бүх ажилчдадаа зах зээлд хит болж буй шилдэг бүтээгдэхүүнээ бэлэглэхээр шийдсэн гэнэ.
Одоогийн байдлаар Windows Phone 7 үйлдлийн системтэй Samsung, LG болон HTC компанийн үйлдвэрлэсэн смартфонууд зах зээлд худалдаалагдаж байгаа юм. Харин Microsoft-ын ажилчид тэдгээрээс өөрийн хүссэнээр сонголтоо хийх боломжтой гэнэ.
С.Цэлмэг