
Соёлын тэргүүний ажилтан Л.Банзрагч, ардын дууч Д.Бурмаа, дуучин А.Мөнхбат нар өнгөрсөн бямба гаригт “Алтан үеийн аялгуу” тоглолтоо “Бөхийн Өргөө”-нд толилууллаа. Энэ үдэш “Хар торгон хамжаар”, “Юндэн гөгөө” зэрэг дуунуудаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан дуучин Д.Бурмаа Монгол Улсын ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны “Тамирын гол”, “Туулын урсгал шөнөдөө сайхан” зэрэг олон сайхан дууг амилуулсан бол дуучин Л.Банзрагч Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банзрагч агсны “Алтан шар зам”, “Жолооч миний хүсэл”, “Сүүн цагаан сэтгэл”, “Найрсаг байгаасай” зэрэг сэтгэлд хоногшсон аялгууг эгшиглүүллээ. Харин дуучин С.Цэрэнчимэд агсны уран бүтээлийг амилуулан, олны сэтгэлд хүртэл дуулж, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин А.Мөнхбат “Ээж минь дээ”, “Зүүдэн бороо” зэрэг уран бүтээлээр үзэгчдийн сонорыг мялаасан юм. “Алтан үеийн аялгуу” тоглолт гурван цаг үргэлжилсэн бөгөөд нийт 30 гаруй дууг үзэгчдэд толилуулав. Сонирхуулахад, тоглолтын үеэр ардын дууч Д.Бурмаа, дуучин А.Мөнхбат нар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар Монголын Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн юм. Авьяаслаг гурван уран бүтээлчийн тоглолт үзэгчдийн хүсэлтээр өнөөдөр дахин эгшиглэх болсныг дашрамд дуулгая.
М.Урин