
Хосууд ихрүүддээ Eddy болон Nelson хэмээх нэр өгөхөөр сонгосон тухайгаа өчигдөр албан ёсоор зарлажээ. Eddy Marnay хөгжмийн продюссерийн нэр болон Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Nelson Mandela-гийн нэрийг бэлгэдэж ихрүүдийнхээ нэрийг сонгосон байна.
Дуучны хэвлэлийн төлөөлөгч “Eddy бол хосуудын амьдралд чухал нөлөө үзүүлсэн хүн. Харин Nelson Mandela-тай тэд хоёр жилийн өмнө уулзаж байсан ба хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэгч жинхэнэ удирдагч хэмээн үнэлдэг. Түүнтэй хэдхэн хоромыг хамт өнгөрөөсөн ч түүнээр бахархах сэтгэл төрсөн тухайгаа дуучин болон түүний нөхөр ярьж байсан. Хосууд хүүхдүүдээ өөрсдийнхөө нэрээр бахархаасай гэж хүсч байгаа. Учир нь нэрийг нь бэлгэдэж өгсөн дээрх хоёр хүнээр тэд өөрсдөө бахархдаг юм” хэмээн ярьжээ.
Дашрамд сонирхуулахад, тэрбээр “Лос-Анжелос Таймс” сониноос
гаргасан сүүлийн 10 жилд хамгийн их орлого олсон шилдэг 10 дуучны жагсаалтыг тэргүүллээ. Энэхүү жагсаалтыг
дуучдын аялан тоглолтоос болон цомгоо борлуулж олсон орлогыг тооцоолон
гаргажээ. 2000-2009 оны хооронд Дион 747.9 сая ам.доллараар түрийвчээ түнтийлгэж, үүнээс 225.7
саяыг цомгоос, 522.2 саяыг аялан тоглолтоос олсон байна. Жагсаалтын хоёрдугаар
байрт кантри дуучин Кенни Чесни 742 саяар орсон бол түүний араас
“Dave Matthews Band” хамтлаг 737.4 сая ам.доллараар жагсчээ.
Дараагийн байруудад хөгжмийн ертөнцийн
жинхэнэ акулууд байна. Жишээ нь 627.3 сая ам.доллараар “The Beatles” хамтлагийн
дахин хэвлэгдсэн цомгууд, 609.7 саяар алдарт “U2” хамтлаг дөрөв,
тавдугаарт оржээ. Шилдэг аравт Брюс Спрингстон (588.3 сая), “Роллинг
Стоунз” (569.6 сая), Тим Макгроу (550.7 сая), Бритни Спирс (494.3 сая) нар
багтсан байна.
Н.Наран