Ардчилсан намын ҮЗН-ны дотоод сонгууль буюу ээлжит ротаци хэл ам, хэрүүл шуугиан ихтэйхэн болж өндөрлөсөн. Ялангуяа нийслэлийн дүүргүүдэд. Харин хамгийн хэл ам багатай, зөв шударга болж өнгөрсөн гэх Хэнтий аймгийн Ардчилсан намын хорооны хурлаас бас нэгэн шуугиан дагуулсан шийдвэрийг гаргажээ. Хэнтийн Ардчилсан нам намын удирдлага болон УИХ дахь намын бүлэгтээ хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргах тухай шаардлага хүргүүлэхээр болсон байна. Засгийн газраас гарах болсон үндэслэлийг тэд нэгдүгээрт МАХН-аас сонгогдсон аймгийн Засаг дарга нар орон нутагт сонгуулийн үр дүнгээр бий болсон Ардчилсан намын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нарын эрхийг хүлээн зөвшөөрөхгүй, шахалт дарамт үзүүлэн тамга тэмдгийг нь хурааж, ажлыг нь хийлгэхгүй байгаа нь МАХН-ын зүгээс хамтарсан Засгийн газарт орсон Ардчилсан намын өмнө гэрээгээ биелүүлэхгүй байгаа хэрэг гэж үнэлжээ. Нөгөө талаас хэдийгээр Ардчилсан нам Засгийн газарт 40 хувийн суудал эзэлж байгаа боловч засгийн бодлогод Ардчилсан намын бодлого чиглэл тусахгүй, МАХН олонхиороо түрэн шийдвэр гаргаж байгаа нь Ардчилсан нам Засгийн газарт цаашид ажиллах шалтгаангүй болгож байна гэж үзсэн гэнэ. Гуравдугаарт ирэх 2012 оны сонгуулийг пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулахын тулд эрх барьж байгаа хоёр намын үзэл баримтлал, бодлого чиглэлийн ялгарлыг гаргаж өгөх, үүний тулд Ардчилсан нам Засгийн газраас гарч, бие даасан бодлогоо явуулах, парламентын хяналтыг хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн юм байна. Мөн эдгээрээс үндэслэн Ардчилсан намын дарга болон УИХ дахь намын бүлэгт хүргүүлэх шаардлагыг бэлтгэх ажлын хэсгийг байгуулжээ. Хэнтийн ҮЗХ-ны есөн гишүүнээс бүрдсэн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа томилогдсон аж. Тэд Хэнтийн Ардчилсан намын хорооны шийдвэр болох дээрх шаардлагыг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нарт тун удахгүй гардуулах гэнэ.
Б.ЗАЯА
Б.ЗАЯА