Өнгөрсөн жил мөн л Йемеийы “Аль-Каида” Детройт руу нисч байсан онгоцыг дэлбэлэхээр оролдсон юм. Энэ удаа Саудын Арабын эрх баригчид ба Британийн MI-6 албаны ажиллагааны буянаар террорист оролдлогыг зогсоож чаджээ.
Өнгөрсөн баасан гариг буюу аравдугаар сарын 27-ны өдөр Йеменээс АНУ-ыг зорьсон хоёр онгоцноос тэсрэх бодистой хоёр илгээмж олдсон юм. Нэг нь илгээмжийг Дубайд, нөгөөг Лондонд буух үеэр илрүүлжээ. Хоёр онгоц ачааных байсан ба UPS ба FedEx компанийн ачаа тээврийг зөөдөг байв.
Аюул байсаар байна
АНУ-ын эрх баригчид хоёр илгээмжийг террорист ноцтой аюул агуулсан байлаа гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч Обама тэсрэх бодисийг Чикаго дахь жүүдийн сүмд илгээсэн гэж хэлсэн тухай ВВС мэдээлсэн байв. АНУ-ын ерөнхийлөгчийн терроризмтай тэмцэх асуудлын зөвлөх Жон Бреннан хэлэхдээ нууц албаныхан терроризмын аюул нүүрлэсээр байгаа учраас сонор сэргэмжтэй байхыг анхааруулж байна гэсэн юм.
Америкийн нисэх буудлуудад аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авч, Йеменээс ирсэн онгоц бүрийг сайтар шалгаж байлаа. FedEx ба UPS компаниуд Арабын орноос үйлчилгээ явуулахаа больсон бөгөөд мөрдөн байцаалттай хамтран ажиллахад бэлэн гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Цагаан ордны төлөөлөгч Роберт Гиббс америкчуудад төлөвлөсөн нислэгээсээ татгалзаад хэрэггүй гэж зөвлөсөн байв.
Картриж дэх тэсрэх бодис
Хэргийн талаар үргэлжлүүлэн шинжилгээ хийж байгаа ч гэсэн АНУ-ын албан ёсны төлөөлөгчид илгээмжид пентаэритритолтетранитрат (PENT) гэх тэсрэх бодис байсан гэж мэдэгдэв. Яг тийм тэсрэх бодисыг өнгөрсөн жил Амстердамаас Детройтад ирэхдээ Абдул Фарук Абдулмуталлаб гэх нигери залуу онгоцыг дэлбэлэх гэж авч явсан. Зорчигчид болон нисэх багийнхны шуурхай ажилласны үр дүнд санаснаа гүйцээж чадаагүй юм. Хожим тусгай албаныхан Абдулмуталлабыг Йемены “Аль-Каида” өөрийн талдаа элсүүлсэн байсан гэж тогтоосон юм.
АНУ-ын Конгрессийн төлөөлөгч, Төлөөлөгчдийн танхимын Үндэсний аюулгүй байдлын хорооны гишүүн Жейн Хэрмен энэ удаа олдсон тэсрэх бодисыг принтерийн картрижид нуусан байсан, гар утсаа ашиглан дэлбэлэх ёстой байсан гэжээ. Хоёр дахь тэсрэх төхөөрөмжид нь таймерийг цэнэг болгон хийсэн байжээ.
Дахиад л «Аль-Каида»
АНУ-ын эрх баригчид энэ хэргийг Йемений “Аль-Каида” бүлгийн салбартай холбон үзэж байна. “Бид илгээмж Йеменээс гэдгийг мэдэж байна. Арабын хойгийн “Аль-Каидагийн” салбар Йеменд байгаа. Иэд манай эх орон, манай иргэдийн эсрэг, манай найз нарын эсрэг террорист довтолгоо хийхээр төлөвлөснийг бид бас мэднэ” гэж Барак Обама мэдэгдэв.
Энэ байгууллагатай өчүүхэн ч гэсэн холбоотой ямар ч хүнийг сэжиглэн шалгана гэж Жон Бреннан мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан Йеменд нуугдан орогносон АНУ-ын иргэн лалын шашны зүтгэлтэн Анвар аль-Авлаки ба “Аль-Каидагийн” сурталч Самир Хан нарыг АНУ мартаагүй байгаа.
Йемений эрх баригчид энэ бүтэлгүй террорыг үйлдэхээр оролдсон хүмүүсийг олж баривчлахад Америкт туслана гэв. Арабын энэ улсад Холбооны мөрдөх товчоо болон Америкийн бусад тусгай албадын ажилтнууд очиж, мөрдөн байцаалтдаа оржээ. Йемены “Аль-Каида” салбарт 300 орчим хүн байгаа гэж АНУ үзэж байна.
Саудын Араб ба MI-6
Саудын Арабаас ирсэн чухал мэдээлэл тэсрэх төхөөрөмжийг илрүүлэхэд тус болсон тухай Цагаан ордны төлөөлөгч хэлсэн байв. Британийн Daily Telegraph сонин өөрийн эх сурвалжийн мэдээнээс үндэслэн террорист оролдлогын талаар мэдээллийг Йеменийг хариуцаж байсан MI-6 албаны ажилтнууд олж авсан гэж бичжээ.
Өнгөрсөн сард АНУ-ын тагнуулын албад хими, биологийн зэвсэгтэй илгээмжийг алан хядагчид АНУ ба бусад барууны орнуудад явуулах гэж байна хэмээн сануулж байлаа. АНУ-ын Төрийн департамент ч Европын орнуудад террорист заналхийлэл ихэсч байна гэсэн байв. Өмнө нь есдүгээр сард Европ, АНУ, Пакистаны тусгай албаныхан лалын хэт даврагчдын Европын хотуудад хийх гэж байсан террорист халдлагыг таслан зогсоосон тухай мэдээлсэн билээ.