МАХН, АН бэлэн мөнгө амлах уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

МАХН, АН бэлэн мөнгө амлах уу?

Хамтарсан Засгийн газар байгуулагдаад хоёр жил гаруй хугацааг үдсэн ч гэлээ, 2012 оны сонгууль ойртож сонгогчдын өмнө амласнаа хэрэгжүүлэх чухал үетэй тулаад байна.  Нөгөө талаас сөрөг хүчнийхний зүгээс УИХ дахь хоёр намын дарга нарт хандан “Байхгүй мөнгийг амлаж, 2008 оны сонгуулиар ялалт байгуулсан учраас, амласнаа хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх нь зүйн хэрэг.  Харин ирэх 2012 оны сонгуульд Ардчилсан нам болоод МАХН дахиж бэлэн мөнгө амлах уу” гэдэгт тодорхой хариулт өгөхийг шаардаж буй юм. Үүнд МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг нар ямаршуу байр суурьтай байгааг сонирхуулъя.

С.Батболд:Үнэндээ бол амар асуудал биш
-Үнэндээ энэ бол амар асуудал биш, хүндрэл бэрхшээлүүдийг бий болгож байгаа. Тийм ч учраас Засгийн газраас хэд, хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг нэгтгээд Төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн, мөн Төсвийн тогтворжуулалтын тухай хууль, өргөн бариад, УИХ-аар батлуулсан.

Өнгөрсөн сонгуультай холбоотой асуудлыг бид хамтарсан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөртөө багтаан УИХ-аар батлуулаад иргэн бүртээ хувь хишиг хүртээх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Энэ ажлыг зохион байгуулахдаа аль болох хавтгайрсан халамжаас нь хязгаарлах, төрийн зүгээс үзүүлэх ёстой үйлчилгээг энэ боломжийг ашиглаж хамтад нь хийхээр Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу явуулж эхэлж байна. Жишээлбэл, олгохоор төлөвлөсөн мөнгөний 1/3-ийг бэлнээр өгөхөөр шийдвэрлэсэн. Бөөнд нь өгөхөөр үнийн хөөрөгдөл, эдийн засгийн бусад сөрөг үр дагаврыг бий болгож байгаа учраас сар тутамд олгож байя гэж үзсэн. Ингэхдээ улстөрийн намуудын өмнө нь олгож байсан зарчмын дагуу хүмүүсийн амьжиргаанд дөхөм болох ёстой гэсэн зарчмыг хадгалж, олгож ирлээ. Нөгөө талаасаа амласан мөнгөнийхээ 2/3-ыг төрөөс үзүлэх ёстой үйлчилгээ рүү чиглүүлье гэж үзсэн.  Иргэдийнхээ эрүүл мэндийн даатгал, оюутнуудын сургалтын төлбөрийг шийдвэрлэе, тэтгэврийн даатгал,  орон сууцны хөтөлбөртэй холбоотой асуудлыг ч цаашид шийдвэрлэе. Нэг үгээр хэлбэл, төрөөс үзүүлэх ёстой үйлчилгээнүүдийг нэгтгэж Хүний хөгжил сангийн хуулиар хэрэгжүүлж эхэлж байгаа юм. Тийм учраас хуулийн хүрээнд ажиллана, хуульд үүнийгээ тодорхой болгочихсон байгаа гэж ойлгож болно.

Н.Алтанхуяг:Ийм үе байх ёстой юм гэж ойлгосон
-Зарим зүйлийг тийм , үгүй гээд хэлчихэд амар л даа. Нэг үгээр хариулж болдоггүй тийм асуулт тавьсан учраас, нэлээд хэдэн үгээр хэлэх шаардлагатай болж байна. Ер нь бол улс орны хөгжилд ийм үе байдаг юм шиг байна. Нэг хэсэг хугацаанд амьжиргаа ахуй нь болохгүй байгаа үед бэлэн байна уу, бэлэн бус байна уу янз бүрийн хэлбэрээр ард иргэдээ дэмжих хэрэгтэй болдог юм байна. Энэ дэмжлэг бол үргэлж мөнгө тараагаад бай гэсэн үг бас биш. Тодорхой цаг хугацаатай байна, 3, 4 жил, магадгүй 5 жил ч байж магадгүй. Ер нь бол бодлого ойлгомжтой. Хүн бүр ажилтай, авдаг цалин нь ахуй амьдралд нь хүрэлцдэг байх. Орон сууцаа зээлээр авлаа гэхэд зээлээ сарынхаа цалингаар төлдөг байх гэсэн бодлоготой маргах хүн бараг үгүй биз. Харин өнөөдөр үүнийг яагаад шууд хийхгүй байна вэ гэхээр тараагаад байгаа таван төгрөг чинь айл өрхүүдэд маш их хэрэгтэй байна.  Тийм ч учраас өгч байна. Хаа очиж, хамтарсан Засгийн газар байгуулсан тулдаа нэг юм чардайж, байгаад хийх гэж байна. Хамтраагүй бол бараг чадахгүй юм билээ дээ. Засаг дотроо ороод хамтарч байж, нөгөөгөө шүүмжлээд “Танайх бэлнээр гэсэн,  манайх бэлэн бусаар амласан”  гэж маргалтай биш. Нарийн харвал хоёр өөр юм явж байгаа юм шүү дээ. МАХН 1.5 сая төгрөгийг бэлнээр ард иргэддээ өгнө гэсэн, энэ амлалтыг ажил хэрэг болгоод явж байгаа. Ардчилсан намын амласан газрын дорх баялгаас ард иргэддээ хувь хүртээе.  Тэр нь нэг удаа биш юм шүү. Насан туршид нь газрын баялгаас хувь хүртээе гэсэн. Өөрөөр хэлбэл,  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Эрдэнийн хувь гэдэг ойлголт мөн тусгагдаад хоёуланг нь хэрэгжүүлэх гээд явж байна. Тавантолгойгоос 10 хувийг ард иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлж эхэлсэн нь Ардчилсан намынхны яриад байсан Эрдэнийн хувиас ард иргэддээ олгож байгаа хэлбэр. Одоо 1.5 сая төгрөгийг яах вэ, 500 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэнийг нь орон сууц, эрүүл мэнд, боловсрол болон бусад төрлийн үйлчилгээг авахад зарцуулъя гэж байгаа. Тийм учраас Монгол орны хувьд 2008-2012 оны хувьд ийм үе байх ёстой юм гэж ойлгосон. Бэлэн мөнгө олгож байгаа дээр шүүмжлэл гарч байгаа. Сонгогчидтой уулзахаар “Хэтэрхий жижиглэж өгч байна” гэж… Бөөнд нь өгөхөөр инфляци үүсгээд, өгсөн ч биш, авсан ч биш сөрөг үзэгдэл гардаг учраас сар бүр олгоод явах нь амьдралд нь арай нэмэртэй гэж үзсэн, гишүүн бүр тойрогтоо очиж, сонгогчидтойгоо уулзаад л ингэх нь дээр гэж үзэж ийм шийдвэр гаргасан. Бид бол хамтраад аль алийг нь болгоод явахын төлөө л байгаа. 2012 оны хувьд яах вэ гэхээр Засгийн газрын хувьд тэр болтол дахиж ард иргэддээ бэлэн мөнгө амлаад байхааргүй нөхцөл байдлыг бий болгохын төлөө, иргэдийнхээ ахуй амьжиргааг нь дээшлүүлэхийн төлөө л ажиллана даа. Ингэж л бодож байна.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж