Ардчилсан нам засгаас гарах олон шалтаг бий

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам засгаас гарах олон шалтаг бий

Өнгөрсөн долоо хоногт манай хэвлэлүүд ганцхан агаараар амьсгалсан нь
Н.Алтан­хуягийг намын даргаас огцруулж, Ардчилсан намыг Засгийн газраас
гаргах. Тэгээд үүндээ бүр хэт итгэчихсэн Ардчилсан намын шинэ даргын
томилгоог хүртэл эчнээ хийцгээв. З.Энхболд л гэнэ, Л.Гантөмөр л гэнэ.
Эцэстээ үүнээсээ ухарч, З.Энхболд ч биш, Лу.Гантөмөр ч шансгүй болоод
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгыг намын дарга болно
гэж зүтгүүлэв. Хөндлөнгөөс харахад нэр дэвшүүлээд байгаа нөгөө нөхөд нь ч
өмнөөс нь ичиж үхмээр хэт “налсан” хямд сурталчилгааг хаа сайгүй цацаж
байна.

Улстөрчдөөс ч илүү улс төрийн бодлоготонгууд хэвлэлийнхэн дотор төрөн
гарч, хэн намын дарга байх, хэнийг Засгийн газраас хөөж гаргах тухай ил
цагаан зарлаж эхэллээ. Үүний үр дүнд Ардчилсан намын даргад хамгийн
зохимжтой хүнээр Х.Баттулга сайд тодров. Засгийн газарт байгаа Ардчилсан
намын сайд нар толгой дараалан сэтгүүлчдийг шүүхэд өгсөн тул улс төрийн
карьер нь ингээд дуусч байгаа юм байх. Үүнийг одоо сүрдүүлэг гэх үү. Харин Н.Алтанхуяг даргыг
Ардчилсан намын хамгийн “тэлээ султай” эрээ­р тод­руулж,
“Алтангадас”-тай нь хамт Засгийн газраас шахан зай­луу­­лахыг МАХН-ын
дарга нарт уриа­лав. Н.Алтанхуяг МАХН-тай хуримласан, нэг хөгжилд орсон, эхнэр
болсон гэх мэт хамтарсан Засгийн газрыг тойрсон улс төрийн элдэв хараал ширээлээс
болж эр эмийн харьцаа хүртэл үнэгүйдэж, эхнэр нөхрүүд нэг оронд
орохоос ичдэг болох төлөвтэй.

Ийм нэг санаандгүй юм шиг хэрнээ санаатай “пиар” өнгөрсөн долоо хоногт
сонин хэвлэлийн зай тал­байг дүүргэлээ. Хөндлөнгөөс хар­вал Х.Баттулга
нь намын дарга бо­лох амбицдаа дийлдэн биеэ барьж чадахаа байж,
сэтгүүлчдэд захиалга өгөн намынхнаа гөвүүлээд байгаа ч юм шиг
харагдахаар “найруулж”. Түү­ний саяхан унагасан “Ямар MCS-ийн ажлыг хийх
гэж сайд болсон биш, засгаас гарсан ч яадаг юм” гэх үг түүнийг ардын
баатар шахуу болгож, Ардчилсан намын ирээдүйн даргад нэр дэвшүүлэх
хэвлэл сурталчилгааны ажлын гол цөм болж байна. Х.Баттулга мөнгөтэй нь,
МоАХ фракци нам дотор хүчтэй байгаа нь ч үнэн. Гэхдээ үүндээ тулгуурлан
Ардчилсан намын дарга болохоор шийдсэн бол үүнийгээ хэвлэлийнхэнд мөнгө
төлөх аргаар биш, ҮЗХ-ныхоо хурлаар асуудал оруулаад шийдчих эр зориг ч,
этик ч бас түүнд бий байх гэж бодох юм. Тэгвэл энэ “пиар”-ын захиалагч
нь хэн байж болох вэ.

Хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн “Манай нам дангаараа
засгаа байгуулах ёстой байсан юм” гэж нулимс унагаж байсан МАХН-ын
гомдогсод сүүлийн үед Ардчилсан намд жигтэйхэн элэгтэй болж, “Бид
хамтарсан Засгийн газартайгаа л сонгууль хүргэмээр байна” хэмээн хайр
зарладаг болоод байгаа. Хамтарсан Засгийн газартай сонгуульд орлоо ч
гэсэн хийсэн ажлын үр дүнг МАХН л өмчилж бүрэн чадах юм чинь арга ч үгүй
биз. Гэхдээ үүнийхээ араас “Хэрвээ Ардчилсан нам Засгийн газраас гарвал
зорилгоосоо ухарсан л алхам болно доо, яая гэх вэ” хэмээн матрын нулимс
унагахаа мартсангүй. Матар саяхан барьж идсэн амьтнаа өрөвдөн учиргүй
уйлдаг гэдэг биз дээ. Тэгсэн хэрнээ ар хударгаар нь “хамтарсан Засгийн
газар ч ёстой нэг балагтай юмаа, хамаг баялгийг маань худалдаж идээд
дууслаа. Ямар ч хяналт алга” гэсэн мессежийг ганц нэгээр нь шидэж энэ
тэр. Өөрөөр хэлбэл, МАХН-ын дотоодод Ардчилсан намыг Засгийн газраас
шахаж “хулхи” нэр дахин зүүхгүйн тулд өөрсдийг нь өөрсдөөр нь шахаж
гаргуулах хорон аргыг хэрэглэж байна. Үүндээ Ардчилсан намын дотоодод
болж байгаа намын даргын төлөөх өрсөлдөөнийг ч овжин ашиглаж, З.Энхболд,
Н.Алтанхуяг хоёрыг хооронд нь сөргөлдүүлж, Х.Баттулга, Л.Гантөмөр гэсэн
хүмүүсээр хачир хийчихээр аягүй амжилттай тоглолт болох юм байна л даа.
Энэ тоглоомонд нь хэвлэлийнхэн оролцож, Ардчилсан намынхан ч өөрсдөө
автах төлөвтэй.

Гэвч улс төрд тоглоомын дүрэм гэж нэг юм бий. Тайзны ард явдаг
тоглолтоос гадна ил тоглодог дүрэм нь хүчтэй байж улс төр цэвэр тунгалаг
байх учиртай. Тэр нь одоогийнхоор бол хамтарсан Засгийн газрыг анх
байгуулахдаа хоёр намын хооронд байгуулсан гэрээ. Гэрээний гүйцэтгэл
сайн байна, эсвэл цаашид биелнэ гэж үзэх юм бол хамтарсан Засгийн газар
цаашаа явах ёстой. Түүнээс биш сонгууль дөхлөө, амь амиа бодьё гээд хоёр
тийшээ болчихдог хялбар зүйл ч биш. Хэрвээ тийм байсан бол анхнаасаа
энэ гэрээг дөрөв биш, хоёр жилээр байгуулах ёстой байсан биз. Харин
хамтарсан Засгийн газрыг байгуулсан гэрээний биелэлт хангалтгүй байна,
цаашид ч хангах боломжгүй боллоо гэж үзвэл түүнийгээ зарлаад хоёр тийш
болж болох юм. Өөрөөр хэлбэл, гэрээ хэрэгжээгүйн хариуцлагыг нэг нам
дангаараа биш, хоёр тал хоёулаа эн тэнцүү хүлээх ёстой гэсэн үг.

Хамтарсан Засгийн газар байгуулснаас болж парламентын хяналт, ардчиллын
зарчим алдагдаж байгаа нь үнэн. Ардчилсан нам Засгийн газарт орсноороо
намынх нь бодлого алдагдаж, ардчиллын үнэт зүйлс, улстөрчдийнх нь үнэ
цэнэ унасаар байгаа нь ч үнэн. Тиймээс Ардчилсан нам засгаас гарах
өчнөөн шалтаг шалтгаан бий. Үүний тулд Н.Алтанхуягийг шаварт заавал
хутгаж, үүгээрээ дамжуулан Ардчилсан намын нэр хүндийг шалтай наах
шаардлага байхгүй. Сонгуулийн тогтолцоогоо шинэчлэх, төрийн эрх мэдлийг
буруулах, иргэдийнхээ эрх, эдийн засгийн эрх чөлөөг нь дэмжих намынх нь
бодлого нь хэрэгжихгүй байхад Ардчилсан нам засгаас гарах өч төчнөөн
шалтаг бий.


Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж