Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Монголыг ”Made in China”

Хятадын тухай яриа эхлэнгүүт л монголчууд хөмхийгөө зууж, асуудалд шууд л үгүйсгэлийн үгүйсгэлээр ханддаг. Ер нь өндөр албан тушаалтнуудаас бусад нь тэдэнд их дургүй. Хэрэв тэд бас л дургүй байсан бол ажлын байраар хангахгүй байхсан.

Одоогийн залуус “хятадуудыг бууд” гэж дуулдаг бол хөгшид тэдэнтэй “цус холилдох вий” гэхээс ухаан алдатлаа айна. Энэ сэтгэлзүйд нь дөрөөлсөн улстөрчид нэгнийгээ хятадын эрлийз, хятад угсаатан гэх зэргээр сонгуульд өвдөг шороотуулах хар материалыг хэвлэлд нийтлүүлэхийн тулд мөнгө харамлалгүй цацаж, нийтлүүлэх нь нийтлэг жишиг. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч энэ төрлийн нэвтрүүлэг хүртэл гарч амжсан. “Ци-Хуа, Цахиа” гэж байсныг санаж байгаа биз дээ. 

Дээр, дооргүй туулиас тэдэнд дургүй мэт ингэж аягладаг залхуу монголчууд тэдний тарьсан ногоог идэж, барьсан хауст нь тухалж, оёсон хувцсаар нь өвөл дулаалж, зун гангарч байна. Монголын аль ч дэлгүүрийн лангууг тэдний бараа, бүтээгдэхүүн дүүргэж, томоохон бүтээн байгуулалт нь тэднийг гараар л сүндэрлэж байх жишээтэй.

Өмнө нь Оросоос бүхий л талаар хараат байж, барилгаа бариулж, замаа засуулсан бид 20-хон жилийн дотор Хятадаас хараат болж буйн тод жишээ нь энэ. Томоохон хэмжээний зам тавилаа. Хятадууд гүйцэтгэжээ. Орон сууц барилаа. Тэдний гараар л бүтэж. Уурхай ашиглалтад ороход хөөгдсөн малчин шарандаа уурхай руу очиж маргалдаад зодуулаад буцна. Бэлчээргүй болж гадуурхагдсан малчин нь монгол, ажилд орж, амьжиргаанаасаа салахыг хүсээгүй нь хятад. Эндээс бид биш тэд хийдэг, бүтээдэг, баялаг бий  болгодог, бидний бус тэдний газар нутаг болчихсоныг харж болно.

Улсын төсөв нэгхэн хувиар л өсөхөд баяр хөөр болж, баатарлаг гавъяатан мэтээр сурталчилгаагаа явуулдаг эрх баригчид үүнийг анзаарах тэнхээтэй л баймаар. Улсын төсөв дөнгөж нэг хувиар өсч байхад Хятадын мянга мянган өрх Монголоос амьжиргаагаа залгуулах мөнгөтэй болоод нутаг буцна. Бүтээн байгуулалтын үр шимээр бий болсон ажлын байрыг тэд л эзэлж, тэдний ар гэрийнхэн л идэх будаатайгаа болно. Харин монголчууд эх нутагтаа өлбөрч байна. Ээж нарын бор аяга хоосон хоцорчээ. Хөрөнгө оруулалт манайх руу чиглэсэн ч унац нь Хятад руу урсана. Ийм байтал төрийн түшээд элдвийн үлгэр зохиож, толгойноосоо том том зүйлийг ярих нь эгдүү хүргэнэ. Тэд ямар ямар зорилготой, хэн бэ гэдгээс бус хятадуудаас бид шууд хамааралтай болсоор байна. Өмнөд хөршийнхөн хилээ арав хоног хаавал Монгол Улсын хүнсний захуудын лангуу хоосорч, айлууд хоолгүй, бүтээн байгуулалт зогсохуйц гамшиг болно. Тэгнэ гэдгийг ч сүүлийн үеийн статистик судалгаанууд харуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчийн мэдэгдэж байгаагаар Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 хувийг импортлож буй. Хаанаас нь хэнд ч ойлгомжтой хойно хэлэх нь илүүц буй за.

2005-2006 он. Их Монгол Улс байгуулагд­саны 800 жилийн ойг угтаж Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн тамга, бэлгэдлийн хөшөө, Төрийн ордны гадна талын заслын ажилд нийтдээ 5,8 тэрбум төгрөг зарцуулсан. Түүний үр дүнд монголчууд Энх Амгалан хаан шиг налайсан, биеийнх нь харьцаа алдагдсан ч гэлээ Чингис хааныхаа хөшөөг төв талбайдаа залсан. Албан тушаалтнууд 5,8 тэрбумаас багагүй хэсгийг нь Чингис хааны хөшөөнд зарцуулсан гэдэг ч хэдэн төгрөгөөр бүтсэнийг яг таг хэлдэггүй. Тодорхой зүйл гэвэл энэ хөшөөг Хятадад хийлгэсэн. Хаа нэгтээ нь "made in China" гэх бичиг байж л таараа. Тэгэхээр монгол дарханд хөрөнгө оруулалт бололгүй хятад инжааны халаасыг түнтийлгэсэн гэсэн үг.

Сүхбаатарын талбай ч ялгаагүй. Хэдэн жилийн өмнө иж бүрэн тохижуулсан. Өвлийн цагт дагзаараа савж унадаг төв талбайн гадаргууг ч тэднээр л хийлгэсэн. Хоосон хоцорсон төв талбайн Жанжны хөшөөг хүрэлдэх ажлыг ч мөн л тэд хийхээр болсон. Монголчуудын хийж бүтээж чадаагүй бүхнийг хятадууд шүүрч аван манай мөнгийг нутаг руугаа зөөсөөр.

Өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон Тусгаар тогтнолын талбай дараагийн жишээ. Үүнийг агуулгын хувьд гүнзгийрүүлж ач холбогдлыг товойлгоно гэсэн том зорилт тавин засварлаж эхэлсэн. Өмнө нь Эрх чөлөөний талбай нэртэй байсан энэ талбай Тусгаар тогтнолын гэсэн шинэ нэртэй болж. Монгол туйлшрлаар туйлширвал, Орос Монгол дайчид уулзаж байсан түүхэн энэ талбайн шинэчлэлийг мөн хятадууд хийжээ.

Талбайн засвар шинэчлэлийг Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани гардан хийж байгаа гэх ч ажилчид дунд нь урд хөршийн нөхдүүд нэлээд хүчин зүтгэж байааг телевизийн мэдээнээс харж болохоор байлаа . Тэд монголчуудын хийж чадахгүй зүйлсийг хийсэн гэнэ.Тэр нь усан оргилуур гэрэлт хөшөө тэргүүтэн. Хөгжмийн аяар ус оргилах оргилуурыг хийж чадах  инженер Монголд эрээд сураад олдохгүй болсноос тэр болгонд хятадуудыг гуйж байгаа юмсанж. Бүрэн нээгдээгүй байгаа Тусгаар тогтнолын талбайн хашаагаар хятадууд орж гараастай. Манайх шиг хүндэтгэлийн талбайгаа өөрсдөө засч чаддаггүй тусгаар улс бий болов уу. Ганцхан жишээ дурдахад, шинэ талбайн нэгхэн усан оргилуур хийлгэхээр 100-аад сая төгрөгийг хятадуудад зарлагаджээ.
Хамгийн сүүлчийн жишээ дараагийнх байгаасай. Күвейтийн 100 хувийн буцалтгүй тусламжаар бариулах болсон шинэ Парлиаментийн ордонг өөрсдөө бас л барихгүй нь. Тэд бидэнд орчин үеийн, газар хөдлөлтөөс төрийн түшээдийг бүрэн хамгаалах аюулгүйн систем бүхий энэ ордонг байгуулахын тулд бас л Хятадын компанийг сонгохоор болж буй гэнэ. Учир нь тийм чанартай, гоёмсог ордонг барих үндэсний нэг ч гүйцэтгэгч байхгүй бөлгөө. Тиймээс энэ ордонд зарцуулах 15 сая ам.долларын санхүүжилт бас л урд хөрш рүү урсах нь. 

100 айлын замын хажуугаар очоод үз л дээ. Барилгын материал үйлдвэрлэгч нь хятад, үйлдвэрлэснийг нь монголчуудад ний­лүү­лэгчдийн олонх нь хятадууд. Жижиг гэлтгүй уул уурхайн салбарыг ч хятадууд л эзэгнэж буй нь нууц биш. 

Ажилгүй мөнгөгүй монголчууд гудмаар нэг хөлхөж харин хятадууд манайд ирж мөнгөжөөд буцаад байгаагийн үндэс нь эдгээр жишээнүүд.

Хийж чадах бүхнээ гадныхнаар тэр дундаа хятадуудаар хийлгэж төсвийн цөөхөн хэдэн төгрөгөө гадаад руу урсгасаар. Түүх соёлынхоо ихэнх ажлуудыг хятадуудын оролцоотой хийх болсон нь алсдаа ямар үр дагаварт хүргэхийг таашгүй. Египитийн пирамид, Эйфелийн цамхаг зэрэг улс орны бахархал болсон бүтээн байгуулалтыг тухайн орон өөрсдийн хүчээр босгосон. Тэд бид хийж чадахгүй гээд хятад ажилчид хайгаагүй нь лавтай. Өөрсдийн түүх соёлоо өөрсдөө бүтээх хэрэгтэйг судлаач түүхчид онцолж байгаа. Хэдэн арван жилийн дараа Монголын бүх соёлын үнэт зүйлсийг хятадууд бий болгосон гэх түүх зурайтал бичигдэх вий дээ.

Цагаан хэрмийг барьсан хүмүүс агуу. Түүнийг бариулсан хүмүүс бүр агуу гэж цээжээ дэлддэн бид бүхнийг гадныхнаар хийлгэж өөрсдөө гуйлгачид байгаагийн учир ердөө л энэ. Гададын өндөр хөгжилтэй орнуудад монголчууд хэдэн мянгаараа ажиллаж байна. Тэд чадваргүйдээ өөрсдийнх нь хийхгүй байгаа хар, бор ажлыг хийгээд байна уу. Мэргэжлийн нарийн ур чадвар шаардагддаг үйлдвэрүүдэд ч монголчуудын цөөнгүй нь ажилладаг. Гэтэл яагаад эх орон нь гадныхныг ажиллуулаад байгаа юм бол оо. Хэдэн арван жилийн дараа монголын түүх соёл, үнэт зүйлстэй холбоотой бүхний ард Made in China гэж зурайтал бичигдсэн байх вий дээ.

Чухамдаа өнөөдөр түүхийн хичээл дээр хэн нь хэнийх байсан тухайгаа ярьж маргах биш, өнөөдөр бид юу хийж чадаж байна, яаж амьдрал ахуй, өрх гэрээ өөд нь татахыг оролдов, чи түүний төлөө юу хийв, бид юу хийх вэ гэдэг асуудал чухал байсаар. Бидний хөгжлийн бодит гарц ердөө л энэ. Өдрөөс өдөрт үгүйрч байна. Монголын ирээдүй өлсгөлөн өсөх ёсгүй гэж хий хоосон сүржигнэхийн оронд үндэснийхээ үйлдвэрлэл, үндэсний компаниудыг хөгжүүлэх бодитой бодлогоо боловсруулж, гадаад руу урсах мөнгөний урсгалыг зогсоох цаг ирсэн юм биш үү. Энэ л хамгийн чухал. Бид аливаад сэтгэлийн хөөрөл, муйхарлалаар хандаж “Хүн тэжээвэл толгой цусдана. Мал тэжээвэл ам тосдоно” гэж тэнэглэдэг бол хятадууд “Тариан талбайгаа хамгаалахгүй бол шувуу суухдаа л сууна” гэх философиор дэлхийг байлдан дагуулж байна. Энэ л бидний бусадтай хөл нийлүүлэн алхахад дутагдсан чанар.

Бид чинь хятадад дагаар орох бодлого бариагүй биз дээ.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж