Иргэнийхээ амийг 3 сая төгрөгөөр үнэлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Иргэнийхээ амийг 3 сая төгрөгөөр үнэлэв

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалд Монгол Улсын нутаг дэвсгэрт хүч хэрэглэн, санаатай үйлдэгдсэн, Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн хүнд, онц хүнд гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, амь насаа алдсан хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд төрөөс нөхөн төлбөр олгохоор тусгажээ. Нөхөн төлбөр нь нэг удаагийнх байх бөгөөд хөдөлмөрийн хөлсийг 20-30 дахин нэмсэнтэй тэнцэнэ. Тодруулж хэлбэл, амь насаа алдсан бол гурван сая төгрөг, хүнд гэмтэл авсан бол хоёр сая төгрөгийн нөхөн төлбөрийг төрөөс олгохоор заажээ. Ингэхдээ гэмт этгээд  нь хохирогчид нөхөн төлбөр өгөх чадамжгүй гэдэг нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд хуулийн зүйл заалт үйлчилнэ. Харин гэмт этгээд ял эдэлж байх хугацаандаа хөдөлмөр эрхэлж, нөхөн төлбөрөө барагдуулах ёстой юм. Ямар ч байсан эхний ээлжинд гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санг жил тутамд 1.5 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Эх үүсвэрийг нь нэгдсэн төсөв, шүүхээс оногдуулсан төлбөр, захиргааны хэргийн зөрчлийн торгуулиас бүрдүүлнэ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд төрөөс нөхөн төлбөр олгохоор тусгасан гэмт хэрэгт ямар төрлийн гэмт хэргийг хамааруулсан, тэр дундаа хүний амийг гурван сая төгрөгөөр үнэлсэн нь хэтэрхий дорд үзсэн хэмжүүр юм биш үү. Дэлхийн бусад оронд ямар байдаг, манайд өмнө нь ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид ямар байдлаар төрөөс нөхөн төлбөр олгож ирэв гэдгийг лавлав. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тайлбарласнаар төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хүний амийг санаатай егүүтгэх, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүн хулгайлах, хүнийг хууль бусаар хорих, хүнийг барьцаалах, хүн худалдаалах, хүчиндэх, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, зандалчлах, терроризм, эрүү шүүлт тулгах зэргийн гэмт хэргийг үүнд хамруулахаар заажээ.  Харин хүний амь насны үнэлэмжийн тухайд тэрбээр “Хүний эрдэнэт амийг юугаар ч хэмжиж болшгүйг хэн хэн нь ойлгож байгаа байх. Хамгийн гол нь хохирогчийн зовлонг жаахан ч болов нимгэлье л гэж. Хүний амь хохироосон этгээдээр ар гэрт нь тусламж үзүүлье гэхэд зарим тохиолдолд ямар ч төлбөрийн чадваргүй байдаг. Тиймээс хүн ёсны үүднээс хохирогчид болоод ар гэрт нь төрөөс эхлээд нөхөн төлбөр өгдөг болъё гэж энэ заалтыг оруулсан. Улсынхаа эдийн засгийн чадавхиас хамаарч, нөхөн төлбөр өөр өөр байдаг. Хөгжилтэй орнуудынх бол өндөр. Манай улсын хувьд энэ төрлийн зохицуулалт өмнө байгаагүй. Гэхдээ 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний улмаас амиа алдсан  иргэд болон энэ үймээний уршгаар гэмтэл авсан иргэдэд төрөөс нөхөн төлбөр олгосон. Амь насаа алдсан иргэдийн ар гэрт 12-13 сая төгрөг, хүнд гэмтэл авсан иргэнд 5-8 хүртэлх сая төгрөг, хөнгөн гэмтэл авсанд 800 мянган төгрөгөөс нэг сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөрийг төрөөс олгосон” гэсэн хариулт өгөв.

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулчихаад хоёр сая төгрөг өгдөг жишиг тогтох вий дээ. Хэлэлцүүлгийн шатанд анхаарахгүй бол, хүний амийг мөнгөөр үнэлэх нь тэр тусмаа гурван сая төгрөгийн нөхөн төлбөр өгнө гэхэд нэг л боломгүй санагдах тул сайтар тунгаах хэрэгтэй байна” гэлээ. Мөн үүнтэй холбоотойгоор гишүүд ялтан этгээдээр төр хохирлоо 100 хувь барагдуулж чадах уу гэдгийг лавлав.

Салбарын сайд хэлэхдээ “Жирийн дэглэмтэй ангид хорих ял эдэлж байгаа этгээдүүдээр хөдөлмөр эрхлүүлж, хохирлыг барагдуулах бололцоотой. Одоо зарим ангийн хоригдлуудаар барилгын ажил хийлгэж эхэлсэн. Энэ оны хувьд 20 орчим тэрбум төгрөгийн барилгын ажлыг хийгээд байна. Хуучин 4-5 давхар барилга барьдаг байсан бол энэ жилээс 9 давхар барилга барьдаг болсон. Барилга барихад тодорхой мэргэжил шаардаж байгаа учраас хоригдлуудыг хуучны Техник мэргэжлийн сургуулийн хөтөлбөрт зааснаар сургаж байна. Онцгой чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтныг гадагш гаргаж болдоггүй учраас хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг түвэгтэй байгаа” гэсэн хариулт өгөв.

Гэтэл бас цочмоор асуулт тавих гишүүн байх юм аа. Малаа хулгайд алдсан малчинд төрөөс нөхөн төлбөр олгож болдоггүй юм уу гэнэ ээ. Эрдэнэт хүнийхээ амийг Монголын төр гурван сая төгрөгөөр үнэлэх гээд сууж байхад шүү. Эдийн засгийн чадавхиасаа хамаараад арга буюу ийм үнэлэмж тавьсан. Санаагаар болдог бол нэммээр л байдаг гэдэг сайдын үг, энэхүү асуултыг тавьсан гишүүний зүрх сэтгэлийг огтхон ч зураагүй бололтой. Харин сайд “Малаа хулгайд алдсан малчдын нөхөн төлбөрийг энэ сангаас олгодог болно гэвэл сан ачааллаа дийлэхгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж