Бичиг баримтны зөрчилтэй оюутныг бүртгэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Бичиг баримтны зөрчилтэй оюутныг бүртгэхгүй

Иргэний шинэчилсэн бүртгэлд орон нутгийн оюутнуудыг сургууль тус бүр дээр бүртгэх гэж байгаа. Энэ талаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Нямцэцэгээс тодрууллаа.

-Нийслэлд суралцаж буй орон нутгийн оюутнуудыг шинэчилсэн бүртгэлд хамруулж эхэлсэн үү, хэднийг хүртэл бүртгэх вэ?

-Улаанбаатарт орон нутгаас  ирж сурч буй оюутнуудыг шинэчилсэн бүртгэлд хамруулах тухай саналыг манай Улсын бүртгэлийн ерөнхий газраас Засгийн газарт тавьсан л даа. Энэ санал дэмжигдэж холбогдох агентлаг, БСШУЯ-тай хамтарч ажиллах санал өмнө нь хүргүүлсэн.  Эл ажлын хүрээнд яамнаас оюутнуудын судалгааг гаргаж өгсөн байгаа.  Одоогоор Их дээд сургууль тус бүр дээр оюутнуудыг  иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээтэй эсэх судалгааг гаргахаар бүртгэж байна. Яг хурууны хээ авч эхлээгүй. Хэзээнээс хурууны хээг авч эхлэх талаар тухайн үед нь мэдээлнэ. Оюутнуудыг шинэчилсэн бүртгэлд хамруулах бэлтгэл ажил хангагдсан гэж ойлгож болно.

-Оюутнууд шинэчилсэн бүртгэлд хамрагдахад ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ. Улаанбаатарт  амьдардаг оюутан хамрагдаж болох уу сургууль дээрээ?
-Оюутнууд бичиг баримтын зөрчилгүй байх хэрэгтэй. Хэрэв иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний зөрчилтэй бол бүртгэлд хамрагдах боломжгүй. Нийслэлийн харьяат оюутнууд харьяа дүүргийнхээ хороонд бүртгүүлнэ. Тэдгээр оюутнуудыг сургууль тус бүр дээр бүртгэхгүй. Харин Улаанбаатараас орон нутагт суралцаж буй оюутнууд энэ арга хэмжээний хүрээнд бүртгэлд хамрагдана.

-Гадаадад сурч буй оюутнуудыг хэрхэн бүртгэх вэ?

-Монгол Улсын иргэн гадаадын улс оронд сурч буй оюутан, түр хугацаагаар ажиллаж байгаа иргэдийг Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Гадаад хэргийн яамнаас хамтарсан журмаар 2011 оноос бүртгэх ажил эхлэх байх.

– Бүртгэлийн хугацаа тодорхойгүй байгаа юм байна. Ер нь бүртгүүлж амжаагүй оюутнууд яах вэ?

-Тодорхой шалтгааны улмаас бүртгэлд хамрагдаагүй оюутнууд төрөөс үзүүлэх хөнгөлтөд хамрагдах боломжгүй болно гэсэн үг. Тийм учраас товлосон цагтаа бүртгүүлэх хэрэгтэй. Хэрэв зайлшгүй шалтгааны улмаас бүртгүүлж амжаагүй бол харьяа орон нутагтаа бүртгүүлнэ.

Н.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж