МУИС, МУБИС, Цагдаагийн академи, Цэргийн академийн эрдэмтэн багш нар бүтэн өдрийн туршид Ардчилсан хувьсгалын нэр томьёоноос эхлээд аман хэлбэрээр уламжлагдаж ирсэн түүх, зарим нэгэн маргаантай асуудлууд болон өдгөө Ардчиллын үнэт өвийг хадгалж буй архивууд хэрхэн ажиллаж байгаа талаар өөрсдийн судалгаанд үндэслэсэн илтгэлийг тавьж оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ “ … Ардчилсан Монгол Улсын хувьд энэ жил томоохон түүхэн үйл явдлуудаар дүүрэн он болж өнгөрч байна. Бид орон даяар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэлээ, хамгийн үнэ цэнэтэй нь энэхүү эрдэм шинжилгээний бага хурал гэж ойлгож байгаа. Эх түүхээ умартсан хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэсэн мэргэдийн үг бий. Чухамдаа 20 жилийн өмнө үүсч, өрнөж, бүрэлдэн тогтсон түүхэн үйл явдлын нийгмийн тусгалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, хэн нэгэн хүний субектив зорилгоос ангид, мэргэжлийн үүднээс олон ургальч үзлээр гаргаж тавих нь бидний ирээдүй, хойч үеийнхэнд үнэлж баршгүй өв болж үлдэнэ. Тэртээ 1989 оны ардчилсан хувьсгал бол ард түмний олон арван жил хуримтлагдсан хэрсүү ухаарал, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн халуун сэтгэл байсан юм. Түүхийг бүтээсэн баатрууд байсаар байхад түүхийг гуйвуулах үзэгдэл байгааг нуух аргагүй. Тийм учраас энэ эрдэм шинжилгээний хуралд тавигдаж байгаа илтгэл бүр үнэн бодитой, үнэнийг олон нийтэд яаж хүргэх гээд олон асуудалд хариулт өгсөн арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Үнэндээ түүхийг хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол, дарга цэрэг нарын үзэмжээр бус цаг хугацаа, шударга үнэн хоёр л бүтээдэг юм. Түүхийн явцад мартагдах шахсан үйл явдлын өрнөл, түүхэн дэс дараалыг мэдэж, танин мэдэхүйн үүднээс хандахад эрдэм шинжилгээний хурлын гол зорилго оршиж байгаа юм” гэлээ.
МУБИС-ийн Түүх нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор профессор Ц.Баасанжав “Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэрсэн Монголын ард түмэн 1990 онд Ардчилсан хувьсгалыг хийж, хүн төрөлхтний нийтлэг жишигтэй хөл нийлүүлсэн. Тэр утгаараа энэ хувьсгал 20-р зууны Монголын түүхэнд үнэтэй байр суурийг эзлэх томоохон үйл явдалд тооцогдоно. Энэ хувьсгалыг хийснээс хойш нэгэнтээ 20 жил өнгөрсөн. 20 жил гэдэг бол хүний амьдралтай харьцуулбал их хугацаа мэт боловч түүхэн цаг хугацааны үүднээс авч үзэхэд өчүүхэн богинохон юм. Энэ утгаараа Ардчилсан хувьсгалын түүх хараахан бүрэлдэж дуусаагүй, түүхэн бичлэгт бүрэн тусгагдаагүй байдалтай байгаа” гэдгийг онцоллоо.
Мөн илтгэгчид “20 жилийн өмнө Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгал бол Ази тивд төдийгүй дэлхийд алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал байсан. Гагцхүү өнөөдөр энэ түүхэн үйл явдлын бодит үнэнийг илэрхийлэх түүхийн баримтууд бүдгэрэх, гуйвах, устаж үгүй болох аюулд тулгарсан тул анхаарал хандуулах ёстой” хэмээн сануулж байлаа. Тиймээс тэр үед тухайн үйл явдалд оролцож явсан гэрч нараас энэ түүхийг үнэн бодитоор цаасан хэлбэрт шилжүүлэн хадгалахын чухлыг онцлов. Ардчиллын үнэт өвийг хадгалж буй төрийн болон төрийн бус архивуудын материалуудыг мэргэжлийн төвшинд хадгалан хамгаалах шаардлагатай байгааг тэд тэмдэглээд цаашид Ардчиллын бодит түүхийг ерөнхий боловсрол, их, дээд сургуулиудын мэргэжлийн ангиудын сургалтын хөтөлбөрт илүү өргөн хүрээтэйгээр тусгах нь Ардчилсан Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудад зөв мэдээлэл, мэдлэг өгөх, Ардчилал бэхжих үйл хэрэгт том нөлөө үзүүлнэ гэж оролцогчид дүгнэж байв.
Мөн энэхүү эрдэм шинжилгээний хуралд МУБИС-ын Монголын түүхийн тэнхимийн эрхлэгч Ц.Гантулга “Ардчилал-20 жил түүх судлалын асуудал”, Удирдлагын академийн Удирдлагын коллежийн захирал Т.Лхагва “Монголын улс төрийн намуудын нэгдэл задралын түүхэн үйл явц”, МУИС-ын НШУС-ийн түүхийн тэнхимийн эрхлэгч С.Отгонжаргал “Ардчилсан хувьсгалын залгамж холбооны асуудал”, МУИС-ийн ХҮС-ийн багш Д.Энхжаргал “Аман түүхийн баримт Ардчиллын түүхийн сурвалж болох” нь сэдвээр тус бүр илтгэл тавилаа.
Г.Дарь