
Иран өөрийн цөмийн хөтөлбөрийн талаар олон улсын зургаан зуучлагчтай хэлэлцээрээ сэргээхэд бэлэн байгаа тухай мэдэгдсэнийг ВВС дамжуулсан байна. Европын холбооны Аюулгүй байдал, гадаад харилцааны дээд төлөөлөгч Кэтрин Эштон энэ асуудлаар хэлэлцээр явуулагч Ираны Саид Жалилийн (Saeed Jalili) захидлыг авсан байна. Хоёр талд тохиромжтой газар хэлэлцээрээ арваннэгдүгээр сарын 10-наас хойш явуулахыг Иран зөвшөөрч байгаа гэнэ. Өмнө нь Эштон хэлэлцээрийн Вена хотноо арваннэгдүгээр сарын 15-17-нд явуулах саналыг Саид Жалилид явуулсан байжээ.
The New York Times сонинд бичсэнээр АНУ ба Европын холбооноос нэмэлт баяжуулалтыг гадаадад хийлгэх Ираны ураны хэмжээг хоёр тонн хүртэл нэмэгдүүлэх шинэ саналыг Иранд зориулан бэлтгэсэн гэнэ. Тэд хэрэв Иран өөрийн нутагт ураны баяжуулалтаа хийвэл түүнийгээ цөмийн бөмбөг бүтээхэд ашиглаж магадгүй гэж түгшиж байгаа юм.
Олон улсын зуучлагчидтай (АНУ, Орос, Их Британи, Франц, Герман ба Хятад) Ираны хийж байсан хэлэлцээр 2009 оны аравдугаар сард тасарсан билээ. Иран цөмийн зэвсэг бүтээхгүй гэсэн баталгаа өгөөгүй юм. Энэ жилийн тавдугаар сард Иран өөрийн ураныг Туркийн зуучлалтайгаар Бразилид баяжуулахыг зөвшөөрсөн боловч зургаан зуучлагч энэ нь Ираны талаас найдвартай баталгаа биш гэж үзсэн юм.
НҮБ-ын Аюулгүй зөвлөл өнгөрсөн зургадугаар сард Ираны эсрэг нэмэлт хориг тавьж, АНУ, Европын холбоо ч хориг тавьсан билээ. Тегеран өөрийн цөмийн хөтөлбөрөө зөвхөн энхийн зориулалттай гэж зүтгэсээр байгаа юм.
Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар