
Баригдсан бүх хүмүүс Гүржийн иргэд ба тэд Оросын тагнуулын сүлжээнд ажиллан нууц материал цуглуулан Орост дамжуулж байсан гэнэ. Оросын РИА Новости агентлаг энэ талаар тодруулахаар Гүржийн ДХЯ-нд хандсан боловч тэд тайлбар хийхээс татгалзсан байна. Яамны төлөөлөгч Шота Утиашвили энэ сэдвээр огт ярихгүй гэжээ.
Москва ч тэр баригдсан тагнуулчдын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Хэрэв энэ нь үнэн бол Оросын тагнуулчдын Гүрж дэх сүүлийн таван жилийн хоёр дахь том бүтэлгүйтэл болох юм. Гүржийн тусгай албаныхан 2006 онд Оросын дөрвөн офицер ба Гүржийн 11 иргэнийг тагнуулын хэргээр барьж байлаа.
Орос эсэргүүцлээ илэрхийлсний дараа гүржүүд Оросын цэргийнхнийг суллан явуулаад өөрсдийн иргэдийг янз бүрийн хугацаагаар хорин шийтгэсэн билээ. Үүний дараа хэдэн зуун гүржийг Оросууд хууль бус цагаачид гээд нутгаасаа хөөн гаргасан юм.