Холбооны ерөнхийлөгч УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Г.Батхүү Удирдах зөвлөлийн анхны хуралдааныг удирдан явуулав.
Автомашин, хөдөө аж ахуйн машины үйлдвэр, химийн машин үйлдвэрлэл, уул уурхайн тоног төхөөрөмжийн болон эрчим хүчний тоног төхөөрөмжийн машин үйлдвэрлэл, металлургийн тоног төхөөөрөмжийн, мөн ахуйн хэрэглээний машин тоног төхөөрөмжийн, суурь машины үйлдвэрлэл гэсэн чиглэлүүдээр машин үйлдвэрлэл манай улсад хөгжиж иржээ.
Анх 1997 онд Монголын металлургичдын холбоо байгуулагдсан байна. Засгийн газраас 2009 оныг үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан Монголын металлургичдын холбоо үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх, салбарын хөгжлийн бодлого боловсруулах, төр засгийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор машин үйлдвэрлэлийн салбартай нэгдэх шийдвэр гаргасан аж.
“Монгол Улсад уул уурхай, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуйн болон бусад салбар эрчимтэй хөгжиж, тэдгээрт ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийг шинээр хийх, сэргээн засварлах, гадаадаас импортоор авч буй сэлбэг хэрэгслийн хэрэгцээг хангах зорилгод хувь нэмрээ оруулах нь тус холбооны зорилго байх ёстой” хэмээн УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлж байлаа.
Төрөөс үйлдвэрлэл үйлчилгээ, хөрөнгө орууулалтыг дэмжих бодлого боловсруулахад мэргэжлийн холбоодын идэвхитэй оролцоог хангах механизм бий болгоно гэсний дагуу “Монголын металлурги-Машин үйлдвэрлэлийн нэгдсэн холбоо” –ноос зохих чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хурлын үеэр илэрхийлж байлаа.
Тухайлбал, салбарын хөгжлийн үндсэн чиглэл, гарцыг тодорхойлж хэрэгжүүлэх металлурги, машин үйлдвэрлэлийн үндэсний мастер төлөвлөгөөг боловсруулан ажиллах, Энэ салбарын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, импортоор авч байгаа сэлбэг хэрэгслийн оронд дотоодод тэдгээрийг хийх, нөөц боломжийг нэмэгдүүлэх нь мөн чухал байгаа аж.
Жишээ нь өнгөрсөн намрын тариа хураалтын явцад гарсан тарианы налсан иш өргөгчийг дотоодын металл боловсруулах засварын чиглэлээр ажиллаж буй ямарч аж ахуйн нэгж хийх боломжтой гэнэ. Үүнийг монголчууд өөрсдөө хийсэн бол нэлээд хэмжээгээр валют хэмнэх боломжтой байсан гэлээ.
Өнөөгийн нөхцөлд өргөн төмөр зам, дэд бүтцийг хөгжүүлэх, хотын нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхэд төмөр замын бетон дэрний бэхэлгээ, цахилгаан машины тогтмол гүйдлийн хөдөлгүүрийн корпус, зэс голтой кабель утас, цахилгаан машинд их хэмжээгээр хэрэглэгддэг зэсээр хийдэг эд ангиудыг дотоодод үйлдвэрлэх боломж их байгаа гэдгийг хуралд оролцсон аж ахуйн нэгжийн төлөөллүүд онцлон дурдаж байсан.
Зөвхөн ганц жишээ дурдахад, 2008 оны гаалийн мэдүүлгээр уул уурхайн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийг худалдан авахад зориулан 400 сая гаруй ам.долларыг зарцуулсан гаалийн мэдээлэл байдаг аж.