Асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоо чухал

Хуучирсан мэдээ: 2010.10.30-нд нийтлэгдсэн

Асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоо чухал

Нүхт цогцолборт болж буй Ардчилсан намын залуучуудын уулзалт үргэлжилж байна.Уг арга хэмжээнд оролцож буй УИХ-ын гишүүн З.Энхболдоос уулзалтын ач холбогдлын талаар тодруулсан юм.

Өнөөдрийн арга хэмжээ ямар үр дүнд хүргэх вэ. Ийнхүү Ардчилсан намын залуучуудын уулзалт зохиох болсны зорилго юу вэ?

“Нэг ардчилал” бол Ардчилсан намын залуучуудын клуб. Өнөөдрийн бидний цуглан ярилцаж буй сэдэв иргэнд суурилсан хөгжлийн тухай байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн парламентийн хорин жилийн ой дээр хэлсэн үгийн талаар юм.
Парламент маань төрийн зорилго гэх зүйлээс тасарчихаад байна. 2004 онд Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад төрийн албан хаагчийн тоо 125 мянга байсан бол өнөөдөр 160 мянга гараад явчихлаа. Одоо яригдаж буй төсвийн хэлэлцүүлгээр эдгээр 160 мянгын цалингийн тухай яригдаж байна. Гэтэл энэ хэмжээгээр төрийн гүйцэтгэх үүрэг сайжраагүй. Төрөөс хоол олж иддэг хүмүүсийн арми өсөөд байгаа болохоос биш төрийн гол үүрэг алдагдсан. Манайд ихэнх хууль гарахдаа төрийн байгууллагын эрх мэдлийг хуульчилж өгдөг. Бид толгойдоо өөрчлөлт хийхгүй бол энэ хандлага зогсохгүй нь.

Ерөнхийлөгчийн парламентийн хуралдаан дээрх илтгэлд буй асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар ярилцаж байна. Жишээ хэлбэл, ямар боломж байна вэ. Ажил хэрэг болгон шийдвэрт нөлөөлөхөд эдгээр залуучуудын үүрэг хэр байх вэ?

Өнөөдөр Ардчилсан нам УИХ-д 27 суудалтай байгаа нь их боломжийг харуулж байна. Боломжийг хэрэгжүүлэхийн тулд  нам шиг л болох хэрэгтэй. Бодлого, үзэл баримтлалаа тодруулах хэрэгтэй. Өнөөдөр намын үзэл баримтлал бүдгэрч байна. УИХ-ын аливаа шийдвэрийг өөрсдийн үзэл баримтлалд нийцэж байгааг хянаж байж гаргах хэрэгтэй. Өнөөдөр энэхүү хяналтыг хэрэгжүүлж чадахгүй байгаагаас МАХН, Ардчилсан намын ялгаа бүдгэрч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоо их чухал.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж