Э.Бумхүү: Үзэгчдийн алга ташилт хамгийн сайхан

Хуучирсан мэдээ: 2010.10.30-нд нийтлэгдсэн

Э.Бумхүү: Үзэгчдийн алга ташилт хамгийн сайхан


Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрийг чадварлаг амилуулж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Э.Бумхүүтэй ярилцлаа.

-Та театрт ажиллаад хэдэн жил болж байгаа вэ?

-Би 2008 онд анх Дуурийн театрт ажилд орсон. Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгсөөд, гурав дахь жилдээ театрт ажиллаж байна. Одоогоор Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Чингис хаан, “Учиртай гурван толгой” дуурийн Балган зэрэг монголынхоо дууриудад тоглож байна. Цаашид дэлхийн сонгодгуудад дүр бүтээхээр ажиллаж, хичээллэж байна.

-Та И.Штраусын “Сарьсан багваахай” дуурьт бас тоглож байсан?

-Тийм. Би И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн Франк гээд шоронгийн даргын дүрийг бүтээсэн. Энэ дүр бол манай Монголын Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн дүрүүдээс их өөр. Учир нь Европ хүний дүр төрхийг гаргаж, жүжиглэж дуулдаг. Их драмтай дүр байдаг.

-Надад таны Франкийн дүр их таалагддаг, хөгжилтэй?

-Баярлалаа. Би ч гэсэн Франкийн дүрдээ дуртай. Хошин дүр л дээ. Анх дуурь үзэж, сонирхож эхэлж байгаа хүмүүст илүү ойр, дундаа яриатай, жүжиглэлттэй хошин дуурь байгаа.

-Европ, Монгол хүний дүрийг бүтээхэд аль нь хэцүү вэ?

-Манай үндэсний дуурь их хэцүү. Европын дууриудыг иймэрхүү, алхаа гишгээтэй байдаг гээд схемчлээд тоглож болдог. Харин манай монгол дууриуд юугаараа ялгаатай вэ гэхээр монгол ёс заншил, түүх соёлоо харуулдаг учир, хувцсаа ном журмаар нь өмсөх хэрэгтэй. Хэт хутгаа дээлийнхээ задгай талд гаргана гээд л монгол хувцас чинь өмсөх ном журам ихтэй. Хамгийн гол нь үйл хөдөлгөөн. Ноён хүн ямар алхаатай байх, харц нь ямар байх уу, уурлахаараа яах уу, эмэгтэй хүнтэй харьцах харьцаа, суухад хэт хутгаа сугалж тавиад босохдоо буцаад зүүдэг гээд ёс заншил их байдаг. Тэгээд л үзэгдэл болгон дээр суугаад босоод л тэр бүр дээр хутгаа авна, зүүнэ хажуугаар нь дуулаад, жүжиглэх жишээтэй. Зарим үед хэт хутгаа сугалж тавиад босоод явахдаа мартаад явчих алдаа гарна. Монгол ёс заншлын өвөрмөц шинж тэмдгийг үйл хөдлөлөөр оруулж өгсөн байдаг учир хэцүү л дээ.

-Б.Шаравын “Чингис хаан” дуурьт Чингис хааны дүрийг бүтээхийн тулд та хэр их хугацаанд бэлтгэсэн бэ?

-Түүхэн дуурь учир маш хүнд. Тиймээс бараг ажилд орсон цагаасаа хойш бэлтгэл хийж эхэлсэн гэж хэлж болно. Дүрийн судалгааг их хийсэн. Тийм агуу хүний дүрийг бүтээсэндээ баяртай байдаг юм. Их л бэлтгэж байж дүрээ бүтээсэн дээ.

-Ингэхэд театрт орж ирээд таны хамгийн анхны бүтээсэн дүр юу вэ?

-Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүр.

-Тэгвэл Балганы дүрдээ их хайртай байх нь ээ?

-Яагаад ч юм анхны гэдэг утгаараа Балганы дүрдээ их хайртай. Анх дөнгөж театрт ороод авсан анхны дүр учир энэ дүрдээ хоёр сар бэлтгэж байж тайзнаа гарсан. Анхны бүхэн их гоё байдаг. Тиймээс анхны учраас Балганы дүр сэтгэлд нэг л дотно, ойрхон байдаг юм.

-Балганы дүрд та одоогоор хэд дэх удаагаа тоглож байгаа вэ?

-Жилдээ дөрөв тав тоглоход би хоёр гуравт нь тоглосон гэхээр арваад удаа тоглосон юм. 

-Та бүтээсэн Балганы дүр их хатуу, хурц ширүүн, амьдрал дээрээ та их зөөлөн хүн байх аа. Тэгж санагдлаа?

-Би амьдрал дээр өөрийгөө тийм гэж хэлж мэдэхгүй. Манай найз нөхөд хамт олон л хэлэх байх даа. Гэхдээ ер нь бол зөөлөн гэж боддог ш дээ /инээв/

-Долоо хоног бүр өөр, өөр дүрийг бүтээх нь сонирхолтой байдаг байх?

-Хүн амьдрал дээрээ сард нэг удаа уйлбал уйлна. Гэтэл манайхан бол өдөрт арав уйлж, арав инээдэг хүмүүс. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, түүнээсээ эрч хүч авч ажилладаг хүмүүс. Хүн харахад зүгээр дуулаад байгаа юм шиг боловч цаана нь маш их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг мэргэжил юм .
 
-Таныг дуурийн урлаг руу орох эхлэлийг хэн тавьсан бэ?

-Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежид дуулаачийн ангид соёлын тэргүүний ажилтан Бүрэнжаргалын удирдлаган дор гурван жил сураад, Соёл урлагийн их сургуульд професор М.Найдалмаа, Энхтуул багшийнхаа удирдлаган дор сураад төгссөн. Тэгээд театртаа орж туршилтын гоцлол дуучнаар ажиллаад нэг жилийн дараа солист болсон. Дуучин болох гараа гэвэл багаасаа дуулах дуртай дур сонирхолдоо хөтлөгдөөд урлагийн сургуульд орж, дуурийн дуучин болсон.

-Танд анх тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрсөн бэ, мэдээж сандарсан байх?

-Анх тайз руу гарахад хоёр цагийн турш дуулж, жүжиглэсэн хэрнээ дараа нь юу  болоод өнгөрснийг мэдэхгүй болтлоо сандарсан. /инээв/. Би тайзнаас маш сайхан энерги авдаг. Ялангуяа тоглолтын дараах үзэгчдийн алга ташилт хамгийн сайхан нь байдаг.

-Таны хамгийн ойрын зорилго юу вэ?

-Би ер нь дэлхийн сонгодог дууриудад том дүрд гарч байгаагүй. Энэ жилээс бэлтгэж байгаад Дж.Вердийн “Трубадур” дуурийн Ди Лунагийн дүрд гарах юмсан гэж бодож байна. Надад цаашид хөдөлмөрлөх зүйл их байна. Цааш цаашдаа олон дүрд хичээж гаргахыг мөрөөдөж явдаг даа.

М.Дөл, Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж