
Баян-Өлгийд мах хамгийн хямд байна
Улаанбаатар хотод худалдаалж буй хонины махны үнийг өмнөх есдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 6.5-10.7 хувь, үхрийн махны үнэ 7.7-9.6 хувь, адууны махны үнэ 5.2 хувь, ямааны махны үнэ 7.2 хувиар тус тус буурчээ. Харин өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 0.6 хувиар өсч, хонины цул махны үнэ 0.4 хувь, үхрийн махны үнэ 0.6-1.2 хувь, ямааны махны үнэ 3.9 хувиар буурчээ. Харин адуу ба ямааны махны үнэ тогтвортой байлаа. Аравдугаар сарын 27-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 3115 төгрөг, үхрийн мах/ястай/ – 3556 төгрөг, ямааны мах – 2480 төгрөг, адууны мах – 2540 төгрөг, хонины цул мах – 3371 төгрөг, үхрийн цул мах – 4138 төгрөгийн үнэтэй байна.
Харин хөдөө орон нутгаас Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, 100-200 төгрөгөөр өсч, Өвөрхангай, Төв, Ховд, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт 100-200 төгрөгөөр буурчээ. Харин бусад аймагт хонины махны үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Өмнөговь аймагт өндөр буюу 3500 төгрөг байхад Баян-Өлгий аймагт 2000 төгрөг байгаа нь хямд үнэ байна. Үхрийн махны үнэ өмнөх 7 хоногийнхоос Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Дархан-Уул аймагт 100-200 төгрөгөөр буурч, Булган, Дорноговь, Дорнод, Төв аймагт 100-500 төгрөгөөр өссөн байна. Бусад аймагт үхрийн махны үнэ харьцангуй тогтвортой байв. Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймагт үхрийн мах худалдаанд байхгүй байна. Үхрийн махны үнэ Дорноговь аймагт 3750 төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байхад Баян-Өлгий, Увс аймагт 2200 төгрөг байгаа нь хямд үнэ байна.
Дээд гурилын үнэ өсчээ
“Алтан тариа” ХК-ий задгай дээд гурилын үнэ өмнөх сараас 8.7 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 1.7 хувь, савласан дээд гурилын үнэ 7.2 хувь, савласан нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.9 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.2 хувь, орос дээд ба нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.6-5.3 хувь, хятад дээд гурил 0.8 хувиар тус тус өссөн байна. Харин “Алтан тариа” ХК-ий задгай 2-р зэргийн гурилын үнэ 0.4 хувь, савласан дээдийн дээд гурилын үнэ 0.6 хувиар тус тус буурсан байна.
Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай дээд гурилын үнэ 0.7 хувиар буурч, орос дээд гурилын үнэ 0.6 хувиар өсчээ. Бусад гурилын үнэд өөрчлөлт ороогүй тогтвортой байна.
Хүнсний ногоо хямдрав
Аравдугаар сарын 27-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх есдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 11.3 хувь, луувангийн үнэ 11.0 хувь, байцааны үнэ 15.8 хувь, манжингийн үнэ 15.7 хувь, сонгины үнэ 4.4 хувиар тус тус буурчээ.
Харин өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.0 хувиар буурч, байцааны үнэ 1.2 хувь, манжингийн үнэ 3.0 хувиар өсчээ. Лууван ба сонгины үнэд өөрчлөлт ороогүй байна.
Д.Цээнэ