МАХН-ын дараагийн дарга хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.02.24-нд нийтлэгдсэн

МАХН-ын дараагийн дарга хэн бэ?

МАХН-ын дараагийн дарга хэн бэ?

-С.Батболдтой өрсөлдөх хүмүүсийн дотор МАХН-ын хотын фракцийг толгойлдог Шадар сайд М.Энхболд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, хамгийн сонирхолтой нь намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын нэр явж байна-

Он гарсаар эрх баригч МАХН-ын дотоодод  улс төрийн байдал нэн тогтворгүй болоод байгаа. Хуучин ахлагчаа халсан жигүүрийнхэн оны төгсгөлөөс эхлэн намынхаа удирдах зөвлөлд шахалт үзүүлж, намын бага хурлыг яаралтай хуралдуулах, их хурлын товыг зарлахыг шаардаж, үүнийгээ ч хэвлэл мэдээллээр ил тод зарлаж эхэлсэн. Тэдний энэ шахалтын гол зорилго нь намын шинэ даргыг томилуулах явдал. Намын дарга Ерөнхий сайд байна гэсэн МАХН-ын дүрэм өнгөрсөн арваннэгдүгээр сард С.Баяр Ерөнхий сайдын албан тушаалаа өгснөөс эхлэн үйлчлэл нь зогсоод байгаа. Тиймээс төрийн албанаас чөлөө хүсч чадсан намын дарга намын ажилд хүндэтгэлгүй хандаж байгаа нь тэднийг бухимдуулаад байгаа гэсэн. Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх АНУ-г зорьсон тухай бид мэдээлсэн. Тэр намын даргынхаа эрүүл мэндэд санаа тавьж, эргэж тойрохоос гадна удахгүй болох намын бага хурал болоод их хурлаар хэлэлцэх асуудлын талаар зөвлөлдөхөөр явсан гэж эх сурвалжууд өгүүлж байгаа. Одоогийн байдлаар С.Баяр С.Батболдын Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг намынхандаа чухалчилсан гэхээс өөр тоймтой мэдээлэлгүй. Гэвч энэ Засгийн газар тогтвортой байх эсэх нь түүний хүсэл эрмэлзлээс илүүтэйгээр удахгуй болох намын их, бага хурлуудаас шалтгаалах болчихоод байна. Учир нь энэ хурлуудаас МАХН-ын шинэ дарга тодрох болно. Хэрвээ С.Баярын бие энэ хугацаанд илааршиж, эх орондоо эргэж ирэхгүй бол. Энэ бол зөвхөн С.Баярын талыг баримтлагчдын тавьж буй горьдлого. Гэхдээ бараг л боломжгүй гэж үзэгдэж байгаа.

Харин МАХН-ын бусад фракциудын хувьд намын шинэ даргын марафоныг С.Баяргүйгээр аль хэдийн эхлүүлчихээд байна. Ирэх гуравдугаар сард багтаан намынхаа бага хурлыг хуралдуулж, удирдах зөвлөлдөө өөрчлөлт оруулах, их хурлаа хуралдуулан намын даргын сонгууль явуулахаар. Марафонд оролцогчдын нэрсийг мэдээж хэрэг одоогийн Ерөнхий сайд С.Батболд тэргүүлж байгаа. 70-80 жил төрийн эрх барьж, нам гэдэг бол төр хэмээн яс махандаа шингэтэл итгэсэн МАХН-ын дарга нарын хувьд “намын дарга Ерөнхий сайд байна” гэдэг бол хөдлөшгүй болсон ойлголт. Төр барьж байгаа нам юуг ч хийж чадна, бас юу ч хийхгүй байж болно. Харин С.Баярын чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь тэдний хувьд гэнэтийн төдийгүй “шок”-онд оруулахуйц зүйл байсан тул “Намын даргынхаа албыг авч үлдлээ” гэсэн түүний шийдвэрийг үг дуугүй хүлээж авсан. Одоо бол “шок”-ноос гараад байгаа хэрэг. Харин С.Батболд ямар ч тохиолдолд С.Баярын эсрэг сөргөлдөөнд оролцохгүй. Харин С.Баяр намын даргаа албан ёсоор хүлээлгэж өгсөн тохиолдолд түүний хувьд өрсөлдөөнд орохоос өөр замгүй. Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд гэдэг нэрийг С.Баяраас хүлээж авсны хувьд өөр хэн нэгнээр юу юугүй засгаа буулгуулаад тоглоомоос гарах нь улстөрд нэг орсон хүний хийдэг сонголт биш. Тиймээс намын шинэ даргын өрсөлдөөнд оролцох хүмүүсийн нэрсийг жагсаалтын хамгийн эхэнд түүний нэрийг дурссан хэрэг. Дээр нь тэр өөрийн Засгийн газрын байгуулснаас хойш /хэдийгээр хоёрхон сайдаа өөрөө шинээр томилсон ч гэлээ/ эдийн засгийн нэлээд олон реформыг эхлүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах, дээд боловсролыг шинэчлэх гээд чамгүй том зорилтыг өмнөө дэвшүүлж, нийтэд зарлаад байгаа.

Харин түүнтэй өрсөлдөх хүмүүсийн дотор МАХН-ын хотын фракцийг толгойлдог Шадар сайд М.Энхболд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, хамгийн сонирхолтой нь намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын нэр явж байна. М.Энхболдын хувьд намын нийт массын зүгээс дэмжлэг багатай ч бага хурал дотор өөрийн хүн олонтой, хөрөнгө чинээтэй. Гэхдээ 2007 онд түүнийг намын даргаас огцруулах үед жигүүрийнхэн болоод “элсний”-хэн юу гэж хэлж байсныг санахад илүүдэхгүй. Хэрвээ МАХН дахиад тэр үеийн МАХН-д бий болоод байсан газрын наймаа, авлигыг загалмайлсан гэдэг имидж рүүгээ эргэж орохыг хүсээгүй л бол энэ бол сонголт биш. Харин У.Хүрэлсүхийн хувьд намын даргад өрсөлдөхөд тууштай бэлэн байгаа цөөн хүмүүсийн нэг. Ялангуяа намын дарга нь Ерөнхий сайдынхаа ажлыг өгөөд гадаадад эмчилгээнд явсны дараа түүний намын анхан, дунд шатанд хүрч ажиллах идэвхи илт сэргэсэн бөгөөд энэ нь өөрийнхөө төлөө ч, өрөөлийн төлөө ч ажилласан явдал гэж үзэгддэг. Хэдийгээр цэргийн хүний хатуу чанга, зоримог тэнэг зангаар нэг хэсэгтээ явах ч тэгвэл МАХН нөгөө С.Баярын өмнөх, 2000-аад оны, хорин хэдэн оны хувьсгалч имидж рүүгээ л буцаад ухарна гэсэн үг. Орчин үед улстөрийг арай өөрөөр хийдэг гэдгийг С.Баярын туршлага харуулсан.

Харин Н.Энхбаярын хувьд энэ бүх ялагдал, элдэв дайралтын дараа дахиад улс төрийн өрсөлдөөнд ороход бэлэн эсэх, нийгэм түүнийг хүлээж авах хангалттай хүлээлт үүссэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тухайд бол ямар ч тохиолдолд өөрийнхөөрөө зүтгэдэг, зөрүүд зангаараа дахиад өрсөлдөөнд орж мэднэ. Гэхдээ С.Баярынг Ерөнхий сайдад өрсөлдөж байх үед зөрж нэрээ дэвшүүлээд гурван хүний санал авч байсныг нь санахад илүүдэхгүй. Тэр цагаас хойш мань хүний реитинг буурсан уу гэхээс өссөн байх аргагүй.  Ийм л нэг өөр өөрийн гэсэн өвөрцөц имидж, эсрэг тэгрэг зан чанар бүхий улс төрийн содон “фигур”-ууд МАХН-ын даргын суудлыг эзлэхээр “амгай харшуулж” байна.

Б.СЭМҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж