“Иргэдийн амар амгалан замын хөдөлгөөний төлөө хамтдаа” уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

“Иргэдийн амар амгалан замын хөдөлгөөний төлөө хамтдаа” уулзалт боллоо

Замын цагдаагийн газрын хурлын танхимд өнөөдөр “Иргэдийн амар амгалан замын хөдөлгөөний төлөө хамтдаа” уулзалт боллоо. Зөвлөгөөнд Нийслэлийн Ерөнхий менежер Ч.Бат, Авто замын газрын дарга Д.Од, Нийслэлийн нийтийн тээврийн газрын орлогч дарга Н.Энхсайхан, Сууц өмчлөгчдийн холбооны \СӨХ\ Дээд зөвлөлийн ерөнхийлөгч Г.Жигмид, Замын цагдаагийн газрын \ЗЦГ\ дарга цагдаагийн хурандаа Х.Энхжаргал, дүүргүүдийн Замын цагдаагийн тасгийн дарга нар оролцсон юм.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд, тэр дундаа орон сууцны хороолол, гудамж талбайд хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчигдөж иргэдийг бухимдуулдаг. Үүнийг таслан зогсооход дүүргийн засаг захиргаа,  СӨХ, оршин суугчдын хүч дэмжлэгийг авч ажиллах нь үр дүнтэй гэж ЗЦГ-ын удирдлагууд үзжээ. Санал солилцох уулзалт зөвлөгөөнд ЗЦГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга , цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан “Нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдал цаашид хамтран анхаарах зарим асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан юм. ЗЦГ-ын Олон нийттэй  харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч С.Энхтөр  “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийлээ. Өмнө нь хоёр удаа “Автомашингүй өдөр” тэмдэглэж байсан ч өнгөрсөн жил томуугийн халдвар ихэссэн учир тэмдэглээгүй өнгөрөөсөн. Тиймээс энэ жил уг арга хэмжээ үргэлжлүүлэх талаар санал гаргаж байгаа аж.

Дүүргийн  удирдлагууд өөрсдийн нутаг дэвсгэрийн онцлог, авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ уулзалтад оролцогсдод  танилцууллаа. Энэхүү уулзалтад оролцогсод хамтарч ажиллах нь зам тээврийн осол бууруулахад  чухал байгааг  онцолж, зайлшгүй хийх шаардлагатай ажлуудыг санал болголоо.  Тухайлвал ачигч машины хүрэлцээ бага, явган хүний гарц, замын  арчилгааг сайжруулах болон  авто зогсоолын өргөтгөл нэмэлт, гудамж хонгилын гэрэлтүүлгийг яаралтай шийдэхийг хүсч байгаагаа хэллээ.

Ө.Чинзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж