Хүнд даацын авто зам барих гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Хүнд даацын авто зам барих гэрээ байгуулав

Торонтогийн хөрөнгийн биржид SGQ, ХонКонгийн хөрөнгийн биржид 1878 кодоор бүртгэлтэй байдаг “Саусгоби Ресурс” компани Өмнөговь аймгийн нутаг дахь Овооттолгойн нүүрсний уурхайгаас Монгол-Хятадын хилийн Шивээ Хүрэн – Цэхээ боомт хүртэлх экспортын нүүрс тээвэрлэлтэд зориулан 48 сая ам.долларын өртөгтэй хатуу хучилттай хүнд даацын авто зам барих гэрээ байгуулсныг мэдэгдэв. Цэхээ боомт дээр Хятадын нүүрсний гол зах зээлтэй холбогдсон томоохон төмөр замын терминал байрладаг онцлогтой. Овооттолгойн нүүрсний уурхайг БНХАУ-ын Цэхээ хилийн боомттой холбох 45 км хатуу хучилттай замын зураг төслийг хийх, замыг барьж байгуулах гэрээг олон улсад гэрээт ажил үйлчилгээ үзүүлдэг Австралийн “Лэйтон” Группын салбар “Лэйтон Ази” компани болон Монголын уул уурхай, барилга, тээврийн “Моннис Интернэйшнэл” компанийн хамтарсан компанитай байгуулав.

Нүүрс тээвэрлэх хатуу хучилттай уг замаар жилд 20 сая гаруй тонн нүүрс нийлүүлэх бөгөөд нийт 17 метр өргөнтэй, голдоо нэг метр тусгаарлагч бүхий дөрвөн урсгалтай байх ажээ. Замыг Засгийн газраас баталсан Концессийн тухай хуулийн дагуу барих юм.Шинэ замыг 2012 оны сүүлчээр барьж дуусгахаар төлөвлөжээ.

Одоогоор тус компани Овооттолгойн уурхай, Гурвантэс сумын төвийн хоорондох 35 км авто замыг сайжруулах ажил гүйцэтгэж байна. Ингэснээр уурхай, сумын төв хоорондын болон сумаас улсын хил рүү зорчдог нутгийн иргэдийн зам тээврийн нөхцөл сайжрах юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж