
Индонезийн Мерапи галт уул дахин дэлбэрсэн байна. Галт уулын үнс нурам 1500 метр өндөрт цацагдан, салхинд туугдан өмнө зүгийн газар нутгийг бүрхэж байна. Иргэд орон гэрээсээ дүрвэж, уулаас бууж байгаа юм. Одоогийн байдлаар үүнээс болж хүний амь үрэгдсэн мэдээ байхгүй байна. Энэ долоо хоногийн эхээр Мерапи галт уулын дэлбэрэлтээс 32 хүн амиа алдсан билээ. Аврах багийнхан тус бүс нутагт идэвхитэй ажиллаж байна.
Түүнчлэн тус улсын Суматра арлын баруун эрэг дээр даваа гаригт болсон цунамигийн хохирлыг тооцоолж амжаагүй байна. Далайн гүнд болсон 7.7 баллын хүчтэй газар хөдлөлтөөс үүдэлтэй энэ цунамигаас болж 400 хүн амиа алдаж, одоо хэр 300 хүн ор сураггүй болоод байгаа юм. Аврах багийнхан идэвхитэй ажиллаж байгаа боловч цаг уурын нөхцөл таагүй буйгаас бэрхшээлтэй байгаа тухай мэдэгджээ.
Э.Очирт