
…Уулын буга урамдах цагаар
Унаган нутгаа зорино оо, би
Усны толио царцахын цагтаа
Ухаант аавдаа очино оо, би…
Одоо бол үг, ая нь олон хүний амнаас хүлхсэн чихэр шиг салахаа болиод байгаа энэ дууг “Тусгай салаа” кинон дээр Дэндэвийн аялахыг та хэдэнтээ сонсоо биз ээ. Энэ дууг Дэндэвийн дүрээр танил болоод буй жүжигчин Т.Эрдэнэбаяр өөрөө дуулжээ. Хамгийн сонирхолтой нь, хэдэн жилийн өмнө бичүүлсэн дуу нь тухайн үед олны анхааралд өртөөгүй өнгөрсөн бол “Тусгай салаа” киноны ачаар одоо л жинхэнэ “од” болж байгаа бололтой. FM радиогийн зохиолын дууны захиалгын ихэнх хувийг эзлэх болсон “Ааваа зорино” дуу хит парадын жагсаалтад ч гэсэн С.Жавхлангийн хит дуунуудыг хүртэл ардаа орхиж байгаа гэсэн шүү.