
Шалгалтаар худалдааны төвүүдээр худалдаалж байгаа импортын загас далайн гаралтай бүтээгдэхүүний баталгаажилт хангалтгүй, хэзээ хаанаас ямар зөвшөөрөлтэйгээр импортлогдсон нь тодорхойгүй байжээ. Нийт худалдааны төвүүдийн 60 гаруй хувь нь лангуу, павильон түрээслэгчдэд хувцас солих, ахуй хангамжийн өрөөг шаардлагын дагуу бэлтгэж өгдөггүйгээс хувцас, хэрэглэлээ үйлчилгээ хийж байгаа лангууны дор хийдэг. Мөн махыг лангуу болон өлгүүрт хэт олноор овоолж тавьсан, ил задгай тавьж худалдаалдаг, зориулалтын бус хайрцаг, цаас дэвсдэг зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрчээ. Түүнчлэн иимпортын загас, далайн гаралтай боловсруулаагүй түүхий бүтээгдэхүүнүүдийг Меркури худалдааны төв, “Бээжин”,”Солонгос” хүнсний дэлгүүрээр худалдаалагддаг гэх боловч боловч эдгээрийн 40 гаруй хувь нь ямар нэг зөвшөөрөлгүйгээр ганзагаар зөөвөрлөгдөн ир шинжилгээ баталгаажилтгүйгээр худалдаалагдаж байжээ.
Шалгалтын явцад нийт 388 зөрчил илрүүлж, газар дээр нь 270 –ийг арилгуулан 14 аж ахуйн нэгж, 65 иргэн, 13 албан тушаалтанд 3705.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч лабораторийн шинжилгээнд 479 дээж хамрууллаа. Харин 29 аж ахуйн нэгжид нийт 165 заалт бүхий албан шаардлага өгч, нэг махны худалдааны төв, дөрвөн иргэний мах шулах газар, нэг лаборатори, гурван мал нядалгааны цэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, зөрчлийг арилгуулан үйл ажиллагааг нь дахин сэргээсэн байна.
П.Наран