
Нийслэлийн 371 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр шагналын хур бууж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүн төрийн дээд одон медалиар шагнуулсны нэг нь УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референт Б.Янжинлхам байв. Байнгын ажиллагаатай парламенттай болсон 20 жилийн дийлэнхэд тэрбээр УИХ-ын хэвлэл, мэдээллийн алба, хэлтэст тасралтгүй ажиллаж үе үеийн парламентын сэтгүүлчдийн “Өндөр ээж” болсон юм. Б.Янжинлхамын шагналыг сэтгүүлчид хамгийн нүдээ олсон шагнал хэмээн талархан үнэллээ. Парламентын сэтгүүлчдийг өдөр тутам гарын авлага материалаар хангах, ярьж зөвлөх, залуу сэтгүүлчдэд Төрийн ордонд ажиллах дадал суулгах нөр их ажилд олон жил зүтгэсэн Б.Янжинлхамд сэтгүүлчид чин сэтгэлийн баяр хүргэлээ.
Шагнал гардаж аваад Б.Янжинлхам УИХ-ын Тамгын газар, Хэвлэл, мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтэс, Парламентын сэтгүүлчдийн холбоо, үе үеийн сэтгүүлчдэдээ баярлаж тадархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Д.ОЮУН