Төрийн мэдээлэл эмхтгэлийн 12 дугаар тойм хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Төрийн мэдээлэл эмхтгэлийн 12 дугаар тойм хэвлэгдлээ

Төрийн мэдээлэл эмхтгэлийн энэ удаагийн дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэллээ.
          Эрүүл мэндийн даатгалын 2010 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолтой “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцах боломжтой. 2010 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоосон бол төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагчийн сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 500 төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүний сарын шимтгэлийн хэмжээг 4000 төгрөгөөр тус тус тогтоосон байна.
         2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгох тухай Засгийн газрын тогтоолыг мөн нийтэллээ. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд эрхэлсэн салбар, харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж, төрийн байгууллагуудаас хувийн хэвшил, иргэдэд үзүүлэх үйлчилгээг “нэг цонх”, “нэг цэг”-ийн зарчимд шилжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт энэхүү тогтоолоор үүрэг болгожээ.
       Түүнчлэн Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэхүү тогтоолоор Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам, Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журмыг баталсан бөгөөд дээрх журмуудтай зөвхөн “Төрийн мэдээлэл”-ээс танилцах боломжтой гэж  “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакциас манайд мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж