Fergie “Оны эмэгтэй”-гээр нэрлэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Fergie “Оны эмэгтэй”-гээр нэрлэгдэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Шоу бизнесийн ертөнцөд хүчирхэг өвөрмөц төрхөөрөө ялгарч чаддаг “Black Eyed Peas” хамтлагийн дуучин Fergie Billboard-ын “Оны шилдэг эмэгтэй”-гээр нэрлэгджээ. Шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 2-нд Нью-Йорк хотод болох юм.
    "Би Billboard-ын “Оны эмэгтэй” болсондоо бага зэрэг гайхаж, эргэлзэж бас сэтгэл хөдөлж байна” гэж Fergie хэлжээ.

    Ирэх арваннэгдүгээр сарын 30-нд “Black Eyed Peas” хамтлаг "The Beginning" нэртэй зургаа дахь цомгоо худалдаанд гаргах юм. Тус хамтлагийн 2009 онд гаргасан  "The E.N.D." зөвхөн Америкт 2.8 сая хувь борлогдсон юм.

    Шинэ цомогт нь багтсан "The Time (The Dirty Bit)" нэртэй синглээ арваннэгдүгээр сарын 9-нд фэнүүддээ хүргэхээр болжээ.

    Сүүлийн үед дуучин Fergie-г хамтлагаасаа гарах гэж байгаа гэсэн шуугиан тархсан ч энэ тал дээр хамтлагийн реппер Will.i.am “Энэ бүхэн худлаа. Тэр хэзээ ч хамтлагаа орхихгүй” гэж албан ёсны мэдэгдэл өгчээ.

    Дашрамд сонирхуулахад, тэрбээр өөрийн нэрийн шинэ үнэртэнгээ худалдаанд гаргажээ. Тэрбээр энэхүү сүрчгээ гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Avon”-той хамтран гаргаж байгаа ба “Outspoken” хэмээн нэрлэсэн байна.
    “Энэхүү сүрчгийг гаргах ажил хоёр жилийн өмнөөс эхэлсэн юм. “Avon” компанийнхан энэ хугацаанд тасралтгүй ажилласны үр дүнд миний нэрийн сүрчиг ийнхүү та бүхний гар дээр очиж байна. Хоёр жилийн турш өөрийн сүрчгийг худалдаанд гаргах талаар амаа хамхиж явах үнэхээр хэцүү байлаа шүү” хэмээн дуучин Fergie ярьжээ.
    Түүний шинэ үнэртэн 28 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа аж.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж