
Данийн 20 настай теннисчин энэ оныг ямар ч байсан №1 гэсэн статустай дуусгахаар болж байна. Тэрбээр Катарын Доха хотноо үргэлжилж буй WTA–ийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, өчигдөр Италийн Франческа Скьявонег 3-6; 6-1; 6-1 харьцаатай хожсоноор өөрийн чансааны оноогоо хадгалж чадсан байна. Энэ жил Каролина Возняцки WTA-ийн зургаан тэмцээнд түрүүлж, 61 тоглолтод ялсан нь оны хамгийн дээд үзүүлэлт болж байна. Үүнийхээ ачаар тэрбээр энэ сарын эхээр дэлхийн №1 алдрыг Серена Уильямсаас булааж чадсан юм. Данийн теннисчин WTA-ийн чансаанд 7270 оноотой байгаа нь ард нь бичигдэж байгаа Оросын Вера Звонаревагаас 1174 оноо илүү гэсэн үг. Тэгэхээр одоо оролцож байгаа WTA-ийн аваргын тэмцээнд Звонарева түрүүлсэн ч чансааны тэргүүн байр Возняцкид үлдэж байна. Тэрбээр 1997 оноос хойш дэлхийн чансааг тэргүүлж байгаа 10 дахь эмэгтэй теннисчин болж байгаа ба тэр дундаа хамгийн залуугаараа чансааг тэргүүлж байгаа юм.
Score Studio