
“Интер Милан” клубын хагас хамгаалагч Уэсли Снейдер багтай байгуулсан гэрээгээ 2015 он хүртэл сунгалаа. Өдгөө 26 настай Недерландын шигшээгийн тоглогчийг “Манчестер Юнайтед” багт очино гэсэн цуу яриа худал болох нь ийнхүү батлагдав. Уг нь Снейдерийн гэрээ 2013 онд дуусах ёстой байсан ч өнгөрсөн улиралд “Интер”-ийн үзүүлсэн гайхалтай тоглолтын гол эзэн нь тэр байсан учраас Европын том багууд араас нь хөөцөлдөж эхэлсэн юм. “Интер Милан” өнгөрсөн улиралд улсынхаа лиг болоод Аваргуудын лигийн цомыг авч чадсан. Мөн Снейдерийн шигшээ баг дэлхийн цомын тэмцээний финалд үлдсэн гээд амжилт Снейдерээс огт салаагүй юм. Тиймээс ч шилдэг тоглогчоо алдахыг хүсээгүй “Хар хөхүүд” хагас хамгаалагчтайгаа дахин хоёр жилийн гэрээ байгуулжээ. Уэсли Снайдер мөн энэ жилийн шилдэг хөлбөмбөгчид олгох Ballon d’Or-ын шагналд нэр дэвшсэн 23 тоглогчийн нэг болоод байгаа билээ.
Score Studio