
-“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү хурлаар тус нийгэмлэгийн даргыг томилно. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороонд би ямар нэгэн хамааралгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа биз ээ. Гэхдээ өнөөдрийн /өчигдрийн/ үдээс хойшхи өргөтгөсөн хуралдаанд оролцох урилгатай байгаа. Хэдийгээр энэ удаа УБТЗ-ын удирдлагыг Оросын талаас томилох байсан боловч Монголын талаас санал оруулсны дагуу тус нийгэмлэгийн даргаар монгол хүн томилох боломжийг олгосон. Харин хэнийг сонгох вэ гэдгийг Ерөнхий хорооны гишүүд л шийднэ.
-УБТЗ-ын даргын шалгуур юу байх вэ?
-Хамгийн нэгдүгээрт тавих шалгуур бол төмөр замын тээврийг мэддэг, мэдэрдэг, төмөр замыг хайрладаг хүн байх ёстой. Тэр хүн Монгол Улсын эдийн засагт төмөр замын байгууллагын оруулах хувь нэмрийг ойлгодог байх учиртай. Түүнчлэн ийм том байгууллагын эдийн засаг, санхүүг удирдан зохион байгуулах чадвар бас нэг үзүүлэлт болно. Мөн дийлэнх хувьцаа эзэмшигчдийн дэмжлэгийг авч байж сонгогдоно шүү дээ. Түүнээс биш төмөр замчид улстөрийн бодлогоор тоглодоггүй. Төмөр замчид зөвхөн тээвэр гүйцэтгэдэг гэдгийг л хэлэх байна даа.
-УБТЗ-ын үйл ажиллагаа ямар төвшинд байна гэж та үнэлдэг вэ?
-УБТЗ-ын хувьд эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарч эхэлж байна. Та бүхэн дургүйцэхгүй бол би хэдэн тоо хэлье. Энэ сард ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэг сая 300 мянган тонн болж өссөн нь УБТЗ-ын түүхэнд байгаагүй амжилт юм. Ачаа тээвэрлэлт 30 хувь, зорчигч тээвэр 15 хувиар өссөн нь нь хувь нийлүүлсэн нийгэмлэгийн сүүлийн 10 гаруй жилд тохиогоогүй ашигтай баланс гарахад нөлөөлсөн. Энэ мэтчилэн сайшаах зүйл олон байна. Хэрвээ бид төмөр замын тарифыг алдагдалгүй хэмжээнд хүргэж чадвал УБТЗ-ыг жинхэнэ утгаар нь Монгол Улсын эдийн засгийн зүтгүүр болгож болох билээ.
-Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад Оросын төмөр замууд НХН хэзээнээс оролцох вэ?
-Энэ бол Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас шийдэх асуудал. Энэхүү бүтээн байгуулалтад оролцохын тулд бид хамтарсан компани байгуулсныг та бүхэн мэднэ. Гагцхүү танай улсын төр, засгийн шийдвэрийг л хүлээж байна. Монголын УИХ, Засгийн газар шийдвэрээ гаргачих юм бол бид ахархан хугацаанд ажлыг гүйцэтгэх боломж бий гэлээ.
Д.Цээнэ