Хятадын эдийн засгийн өсөлт зэсийн үнийг хөөрөгдөх үү

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засгийн өсөлт зэсийн үнийг хөөрөгдөх үү

Зэсийн үнэ бага зэрэг буурав. Өчигдрийн байдлаар ам.долларын ханш бага хэмжээгээр чангарсан нь ийн зэсийн арилжаанд нөлөөлсөн байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан инфляцийг хөөрөгдөх бодлого хэрэгжүүлэх сургаар ам.долларын ханш чангарсан аж.

Түүнчлэн зэсийн экс­портоороо тэргүүлдэг Чили улсад уурхайчид ажил хаялт зарлаад байгаатай холбоотой юм. Нөгөө талаас зэсийн үнэ хэт чангарч байгаагаас хөрөнгө оруулагчид уг металлыг худалдаж авахаас гар татах болсон. Энэ нь үнийн хувьд бага зэргийн хэлбэлзэл дагуулж байгаа. Нью-Йоркийн Түүхий эдийн бирж дээр ирэх арван­хоёрдугаар сард ний­лүүлэлтэд гарах зэсийн ханш 2.4 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, нэг паунд зэс 3.7755 ам.доллараар арилжаалагдах болсон байна. Харин Лон­донгийн Металлын бирж дээр ирэх гурван сард ний­лүүлэлтэд гарах зэсийн үнэ 210 ам.доллар буюу 2.5 хувиар буурсан аж. Энд нэг тонн зэс 8300 ам.доллараар арилжаалагдаж байна. Нью-Йоркийн “Dahlman Rose”-ийн шинжээч Энтони Б.Риззото “Ам.дол­ла­рын ханшийн өсөлт нь суурь металлуудын үнийн хэлбэлзэлд хүнд тусч ма­гадгүй. Мөн Хятадын Зас­гийн газар мөнгө хумих бодлого баримталж эхэлсэн нь нөлөөлөх юм” гэжээ. Хятадын Засгийн газар зэсийн арилжаанд татаас  хэлбэрээр олгодог 120 ам.доллараа өнгөрсөн долоо хоногт 80 ам.доллар болгон бууруулсан билээ. Гэхдээ ийн үнэ буурч байгаа нь түр зуурынх хэмээн дүгнэгсэд цөөнгүй бий.

Ойрын өдрүүдэд зэсийн үнэ тасралтгүй өссөөр сүүлийн 27 сард байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Түүхий эдийн ажиглагчид ч үүнийг урьдчилан тоо­цоолж, үнийн өсөлт нь үргэлжилнэ хэмээн үзэж байсан юм. Зэсийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйл нь Хятад. Энэ оны эцэс гэхэд дэлхийд зэсийн эрэлт 18.9 сая тонн болно гэх урьдчилсан тоо­цоо бий. Өнгөрсөн онд 18.2 сая тонн зэсийн эрэлт бий болж байсан юм. Харин ирэх 2011 онд уг хэмжээ 4.5 хувиар нэмэгдэж, 19.7 сая тонн болно хэмээн “Mining Weekly” сэтгүүлд дурьджээ. Ийнхүү эрэлт хэрэгцээ ихсэх хандлага гарч байгаатай зэрэгцээд уул уурхайн компаниуд олборлолтоо эрчимжүүлэх болсон байна. Дэлхийн уул уурхайн гигант “Рио Тинто”-гийн төлөөлөгчид саяхан гаргасан мэдэгдэлдээ “Зэсийн зах зээл 2020 он хүртэл хурдацтай тэлэх болно” хэмээн онцлоод энэ салбар дахь бүтээгдэхүүний гарцаа нэмэгдүүлэхийн тө­лөө ажиллана гэсэн юм. Энэ талаар “Ройтерс” агентлаг энэ сарын 12-нд гаргасан нийтлэлдээ дурьджээ.

Австралийн “Resource Capital Research” судалгааны төвийн шинжээчдийн үзэж буйгаар зэсийн эрэлтээрээ Хятад тэргүүлж байна. Тэд дэлхийн зэсийн нийт хэрэглээний 36 хувийг дан­гаараа бүрдүүлж байгаа бол түүний дараа хойд Америк  ердөө 10 хувьтай байгаа юм. Хятадын хувьд удахгүй дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 10 хувьд хүрэх тооцоо бий. Үүн дээр дөрөөлөн зэсийн хэрэглээ нь ч нэмэгдэх аж. Ийм том зах зээлийн дэргэд нь шахам оршиж буй Монгол дахь Оюутолгойн орд газар удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэдэг бас л зэсийн эргэлтэд нөлөөлөхүйц том үйл явдал болохыг “Mining Weekly”-д онцолжээ. Ирэх 2013 онд ашиглалтад орох Оюутолгойгоос жилд 436 мянган тонн зэс олборлоно гэх урьдчилсан тооцоо гарсан билээ.

Зэсийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сүүлийн үед ихэвчлэн жижиг болон дунд зэргийн хэмжээний уурхайнуудаас хангах хандлагатай байгаа юм. Үүнээс урт хугацааны хөрөнгө оруулалт нэмэгдэх болно хэмээн “RCR”-ийн ажиглагчид таамаглаж байна. Тус төвийн шинжээч Жон Уилсон “Зэсийн үнэ өсөх төлөвтэй байгаа нь Хятадын эрэлтээс түлхүү хамаарч байна. Нөгөө талаас дэлхийн санхүүгийн хямрал болохоос өмнө буюу 2000-аад оны эхээр зэсийн зах зээл нэлээд идэвхжиж байсан. Тэр үед нэлээд өндөр түвшинд хүрсэн зэсийн үнэ 10 орчим жил хэвээр байна хэмээн таамаглаж байсан” гэжээ. Тиймээс хэдийгээр бага зэргийн хэлбэлзэл ажиглагдах боловч ойрын хэдэн жилд үнэ нь өндөр хэвээрээ байх юм.

Лондонгийн Түүхий эдийн бирж дээр нэг паунд зэс 3.81 ам.доллар болж, сүүлийн 27 сар дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн билээ. Түүнчлэн сүүлийн гурван сарын хугацаанд үнэ нь 28 хувиар чангарсан байна. Үүнээс зөвхөн өнгөрсөн сард л гэхэд 10 орчим хувиар өсчээ. Түүнчлэн сүүлийн 12 сарын хугацаанд бусад түүхий эдийн бирж дээр зэсийн үнэ 34 хувиар нэмэгджээ. Харин дэлхийн зэсийн олборлолтын индекс сүүлийн нэг улирлын турш 40 хувиар өссөн байна. Энэ бүхэн нь уг түүхий эдийн зах зээл өргөжиж байгаагийн нэг баталгаа юм. Үүнээс гадна Австралийн зэс үйлдвэрлэгчдийн хувь­цааны ханш чангарсан бай­на. Гэхдээ энэ нь зэсийн эрэлтээс нэг их хамаараагүй бололтой. Харин австрали долларын ам.доллартай  харь­цах ханш чангарснаас болсон хэрэг хэмээн ажиг­лагчид үзэж байна. Ямартай ч зэсийн үнийн өсөлт тогтвортой байх нь.

Манай орны хувьд ирэх оны төсвийн төсөлд дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг 2011 онд дунджаар 8425 ам.долларт хүрэхээр тооцжээ. Үүнийгээ Олон улсын валютын сангийн сүүлийн 12 жилийн дундаж, “Bloomberg” агентлагийн 2010-2013 оны зэс, нүүрс­ний үнийн төсөөллийг дунд­жаар тооцож гаргасан аж. Зэс, нүүрснээс ирэх онд төсөвт 583.8 тэрбум төгрөг төвлөрнө гэж үзэж байна.

Түүнчлэн ирэх оны нэг­дүгээр сарын 1-нээс гэнэ­тийн ашгийн 68 хувийн татвар хүчингүй болно. Энэ талаар “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан тат­варын тухай хуулийг хү­чингүй болсонд тооцох тухай хууль”-нд тодорхой заасан. Тиймээс дэлхийн Түүхий эдийн биржүүддэх үнийн огцом өсөлтөөс ха­маарч төсөвт орлого төв­лөрөхгүй гэсэн үг юм. Ирэх оны улсын төвсийн төслийг боловсруулагчид зэсийн үнийн төлөв байдлыг ажиг­ласны үндсэн дээр хэрэв гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухай хуулийг хү­чингүй болгохгүй бол төсвийн орлого буурч, 527.7 тэрбум төгрөг болох байсан хэмээн дүгнэжээ. Үнэхээр 2011 онд зэсийн үнэд огцом өсөлт ажиглагдахгүй бол энэ нь үнэний хувьтай юм.

Өнгөрсөн оны байдлаар гэнэтийн  ашгийн 68хувийн  татварын хуулийг ба­талс­наас  хойш улсын төсөвт 63 тэрбум төгрөгийн хө­рөнгө орж ирсэн хэмээн холбогдох албаны хүмүүс мэдээлж байлаа. Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлийн хэрэгцээний гу­рав орчим хувийг ханга­даг. Оюутолгойн орд ашиг­лалтад орсны дараа уг хэмжээ долоон хувь болж нэмэгдэнэ гэх тооцоо бий. Манай төсвийн орлогын 40 хувийг хангадаг “Эр­дэнэт” үйлдвэрийн хувьд өнөөдрийн байдлаар зэсийн экспортыг дангаараа бүр­дүүлж байна гэхэд болно. Өнгөрсөн онд гэ­нэтийн ашгийн татварын ачаар “Эрдэнэт” үйлдвэрээс нэ­лээд хэмжээний орлого орж ирсэн гэдгийг эдийн засагчид онцолдог. Зарим нь “Үйлдвэрийн мөнгийг хуулиар далайлган дээ­рэмдчихлээ” гэх нь ч бий. Ямартай ч ирэх онд “гэнэт баяжих” тухай яриа гарахгүй  нь бололтой.

Гадны орнуудын хувьд түүхий эдийн үнийн огцом хэлбэлзлээс хамаарч тат­варын тухай хууль баталсан жишээ цөөнгүй бий. Өн­гөрсөн хавар Австралийн Ерөнхий сайд асан Ке­вин Радд уул уурхайн компаниудад онцгой ашгийн 40 хувийн татвар ногдуулах тухай зарлаж, шуугиан тарьж байсан юм. Гэвч тэрбээр удалгүй албан тушаалаасаа бууж, түүний оронд Жулия Гиллард шинэ Ерөнхий сайдаар сонгогдсон билээ. Уул уурхайн компаниудын хүчтэй эсэргүүцэлтэй тул­гарсан Онцгой ашгийн татварын хуулийн орчныг тэрбээр бага зэрэг сулласан. Үүний дүнд нүүрс, төмрийн хүдрийн компаниудад 30 хувийн татвар ногдуулахаар болсон. Харин байгалийн хий, нефть үйлдвэрлэгчдийг 40 хувийн татвартай нь хэвээр үлдээсэн юм. 

Дашрамд дурьдахад, ирэх оны төсвийн төсөлд 2011 онд нэг унци алтыг дунджаар 1250 ам.доллар үнэ хүрнэ хэмээн тооцжээ. Гэвч өнөөдрийн байдлаар металлын биржүүд дээр алтны үнэ 1300 ам.доллараас хол давж, 1400 ам.доллар руу ойртох болсон. Хөрөнгө оруулагчдын зүгээс цаасан валютад итгэх итгэл суларч,  оронд нь алт их хэмжээгээр худалдан авч, нөөцлөх хандлагатай болжээ. Тий­мээс алтны эрэлт дагаж  үнэ цаашид нэмэгдэнэ гэх хүлээлт ч бас бий болсон байна. 

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж