
За тэр ч яахав. Намын даргыг солих эсэх тухай асуудал угаасаа хөндөгдөхгүй. Хяналтад ороогүй гэнэтийн гайхамшигт тоглолтууд одоо моодноос хоцорсон. Энэ чинь 1990 он биш 2010 он. Хэн нэгэн хийтэй этгээд танхим дотроос гэнэт л хашгираад тэрийг нь хурлын төлөөлөгчид дэмжиж уухайлаад ч юм уу эсвэл сонсож шоконд ороод бүх зүйлийг хөмөрчихдөг үе аль хэдийнэ ард үлдсэн. С.Баяр гэнэт босч ирээд л “Миний бие зүгээр болчихлоо. Одоо би намын даргаа хийнэ”гэж ярих гэнэн хонгор мөн үү. У.Хүрэлсүх бас “За одоо намын даргаа өөрчилнө өө, хө”гэж уухайлах сэтгэцийн өвчтөн биш ээ. МАХН-ын одоогийн даргыг батламжлах үед Н.Энхбаяр “Үгүй ээ, би болъё, би болъё” гэж уулгалах усан тэнэг арай ч биш. Түүнийг тэгж доош нь хийж бас болохгүй. Завьжиндаа гашуун инээмсэглэл тодруулангаа Сү.Батболд, С.Баяр, У.Хүрэлсүх нартай гар барьж уулзаж ярилцан буй зураг авахуулахаа бас мэднэ ээ. Ийм болохоор хөнгөхөн хошин шог биш арай өөр зүйлийг хөндөх нь зүй. Энэ удаа МАХН Их хурлаараа Монголын бараг хүн бүхэнд хамаатай нэг асуудлыг ярих юм шиг байна. Тэр нь шилжилтийн үеийг дуусгаж хөгжлийн шатанд хөл тавихын тулд ирэх 20 жилийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах тухай гэнэ. Бүтэн 20 жилийн турш үргэлжилсэн шилжилтэд цэг тавьж одоо зөвхөн хөгжлийн тухай ярилцахаар тэд шийджээ. Нэгэнт ярилцъя гэж байгаа бол сайтар ярилцах нь зүйтэй. Юм хийе гэж байгаа бол хийсэн шиг хийх хэрэгтэй. Байнга бадар барьж өр тавьж бусдаас хараат явсан эдийн засгаа хөл дээр нь босгож чадвал үнэхээр том гавъяа болох учиртай. 1990 оноос өмнө Оросоос хараат байсан эдийн засаг 1990 оноос хойш Хятадаас , тэр дундаа Эрээнээс хараат болсон нь түүхэн үнэн. Түүхэн гэж сүржигнэлээ гэж бодох хүн байгаа байх. Тэгвэл гашуун үнэн ч гэж хэлж болно. Манайхан Эрээн хотыг хичнээн гоё болсоныг ам уралдан шагшдаг ч энэ бол Монголоос гадагшилсан мөнгөний урсгал хаана очиж юу бүтээж чаддагийг харуулсан хамгийн тод бүтээн байгуулалт юм. Үүнтэй адил олон жишээ дурдаж болно. Мөн сүүлийн жилүүдэд уул уурхай даган наашлах болсон валютын урсгалыг ч тогтоон барьж юу хийх талаар нухацтай бодох шаардлагатай болсон нь ч үнэн. Орж ирсэн болгоныг халамжийн хэлбэрээр тарааж хаячихаад хоосон данстай байж болохгүй гэдгийг Сангийн сайд байтугай саальчин Дулмаа ч мэддэг болсон цаг. Нэг л мэдэхэд манай улс мөнгөгүй зовлонг биш мөнгөтэйн зовлонг амсаж эхлэв. Энэ нь Тавантолгой, Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах эхлэлийг тавьж чадсантай яах аргагүй холбоотой. Түүхэндээ байгаагүй валютийн нөөцтэй болж, инфляци саармагжиж эхэлсэн нь эдийн засгийн хувьд яах аргагүй нэмэх оноо. Өөрөөр хэлбэл эдийн засаг тогтворжих хандлагатай болов. Нэгэнт эдийн засаг тогтворжиж хурдтайгаар сэргэж эхэлсэн бол энэ хурдад тааруулсан хөгжлийн чиг баримжаа, бодлогын баримт бичиг зайлшгүй хэрэгтэй. Товчхон хэлэхэд бид мөнгөтэй болж байна, түүнийгээ цаашид яах вэ гэсэн асуулт урган гарна. Ирэх жилд эдийн засаг мөн л өснө гэнэ. Хэрвээ энэ тандалт үнэн бол ажлын байр нэмэх үү, хөдөө орон нутгийн хөгжилд хэрхэн анхаарах вэ, халамж эзэддээ очиж чаддаг уу, банкны орчин эрүүл, тогтвортой байж чадах уу, үйлдвэрлэл хөгжих үү, бизнесийн таатай орчинг бий болгож амжих уу зэрэг адармаатай асуултад хариулт өгөөд нэг шугамд цэх алхах шаардлагатай боллоо. Үүнийг МАХН хийе гэж байна. Мөдхөн болох Их хурлаараа хоорондоо талцаж хэрэлдэх биш цаашдын Монгол улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлъё гэнэ ээ. Тэдэнд итгэх үү, болих уу. Хэрэв итгэхгүй гэвэл хэлсэн ярьсан, дэвшүүлсэн санаа бодол бүхнийг нь нулимаад явъя. Ингэснээр урагшаа бол алхахгүй. Харин ч улам бүр ухарч буланд шахагдана гэдгээ бас сайтар тооцох хэрэгтэй. Байнга эрх баригчдаас, улстөрчдөөс юм гуйдаг, зүгээр сууж байгаад улсаас мөнгө авахыг хүсэгчид олон биш гэдэгт итгэж байна. Өрх бүр, хүн бүр бүтээгч байж орлогоо нэмэгдүүлэхийн төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа. Тэгвэл түүнийгээ улам боловронгуй болгох нь л чухал. Макро, микро эдийн засаг ярьж толгойгоо гашилгах ч хэрэггүй. Зүгээр л амь амьны ажлаа өөд татаад орлогоо л нэмчихье. Ингээд л боллоо. Өөр юм хэрэггүй. Харин тэр орлогыг чинь нэмэгдүүлэх орчинг бий болгож өгөх нь л Засгийн газрын, УИХ-ын ажил юм шүү дээ. Энэ ажлыг л МАХН хийе гээд байна гэсэн үг. Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжиж байна гэсэн ойлголтдоо одоо цэг тавьчихаад хөгжлийн төлөө урагш алхах хэрэгтэй болж. Зөвхөн эдийн засаг ч биш нийгмийн бүхий л салбарт шилжилтийн үе дууссан гэдгийг бүгд батлаж байх шиг байна. Хэрвээ энэ үнэн бол одоо юу хүлээх вэ. Хаанаас хэнч ирээд биднийг онгоцонд суулгаад бүх юм “ок” болсон нийгэмд аваачиж амьдруулахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ том асуудлыг нэгэнт амлан авч байгаа тэр МАХН-д нь үүрэг хүлээлгээд хянаж чадвал болох юм биш үү. Тэдэнд итгэхгүй байх нь илүү хортой юм. Юу ч хийхгүй хэрэлдээд л суугаад байх замыг сонгож авна гэсэн үг. Гэтэл үнэндээ ард түмэн үүнээс залхчихсан шүү дээ. Айл бүрийн гал тогооны өрөөнд “Одоо энэ улс төрийн хэрүүлээ болиосой”гэсэн унтууцал хөвөрч л байдаг. Тиймээс тэд хэлэлцэг. Үр дүнг нь хүлээе. МАХН-ын Их хурлаас бидэнд наалдаж үлдэх нь энэ л байна. Түүнээс Н.Энхбаяр зэргийг тойрсон явган хэрүүл маньд ямар хамаатай биш дээ.
Л.МӨНХБАЯСГАЛАН

"Улс төрийн тойм" сонин